Орхон аймаг авто замын ажлаа эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-12 12:28:39
oyuka_hu@yahoo.com

Орхон аймаг авто замын хучилт, нөхөөсийн ажлаа хичээлийн шинэ жилийн хөл, хөдөлгөөнтэй давхцуулахгүйн тулд яаралтай эхлүүлээд байна.

Энэ сарын 10-наас Холбооны урдах дөрвөн замын уулзвараас “Баян” худалдааны төв хүртэлх 400 гаруй метр замыг асфальтаар хучиж байна.

Уг ажлыг хийхдээ авто замын хөдөлгөөнийг түр хаав. Мөн  Д.Нацагдоржийн гудамжийн 620 метр замын ажил эхлээд байна. Эл ажилд 383 сая төгрөг төсөвлөжээ.

Хотын төвийн замын ажлыг Улаанбаатар хотын “Ди Вай Кэй Би” ХХК орон нутгийн 176 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байна. Уг компани 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр 16 цагт хучилтаа дуусгаж 20 цагт замын тэмдэг, тэмдэглэгээгээ хийх ажээ. Хичээлийн шинэ жил хаяанд ирсэн эл үед замын ажлыг эрчимжүүл хэмээн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү үүрэг болгосны дагуу  Хотын захирагчийн алба, Барилга, хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Замын Цагдаагийн тасаг ажиллаж байна. Замын асфальтыг орон нутгийн “Өлзий хутгийн наран”, “Ялгуун” ХХК-иас авч байна. Барилгын түүхий эдийн чанарт мэргэжлийн байгууллагынхан хяналт тавьж байна.                                                          

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ