СЭЛЭНГЭ: Хөдөлмөр зүтгэлээрээ нэрээ мөнхөлж, брэнд бүтээсэн Сэлэнгэ түмэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-28 15:43:27

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Олны сонирхол татаж сонорыг мялаах түүхэн бахархал Сэлэнгэ нутгийнханд олон бий. Монголын төрөөс 1942, 1976 онд хүртээсэн Төрийн дээд шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн хошой одон, 2009 онд Монгол Улсад Атар газар эзэмшсэний 50 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор шагнасан билээ. Энэ бүхэн Сэлэнгэ түмний өнгөрсний хийгээд өнөө ба ирээдүйн бахархлын нэг юм. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны Орхон сортын улаан буудай, Шаамарын алим, зөгийн бал, нарийн нарийвтар ноост Орхон, хангай, Ерөө үүлдрийн хонь, махны Сэлэнгэ үүлдрийн үхэр. Мөн цаашлаад Монголын анхны төрт ёсны улс Хүннү гүрний гол төвлөрөл Сэлэнгэ нутагт байсныг гэрчлэх Мандал сумын Ноён уул дахь Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн олдвор, Баруунбүрэн суман дахь Монголын эртний түүх, соёл урлагийн хосгүй бүтээл бурхан номын ариун дагшин газар “Амар баясгалант” хийд. Мөн дэлхийд ховор байгалийн тогтоц бүхий тэгш гадаргын элсэн хөрсөнд ургасан 80.7 мянган га нарсан ой, домогт “Тужийн нарс” гээд Сэлэнгэ нутгийн бахархал цөөнгүй билээ.

Хөдөлмөрч түмний гараар бүтсэн дээрх түүхэн бүтээн байгуулалт, ажил үйлсийн нэгэн төлөөлөл болох нарийн нарийвтар ноост Орхон хонины үүсэл хөгжлийн тухай цухас өгүүлье.  

Монгол Улсад нарийвтар ноост хонины үржлийн бааз бий болгох ажил Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлаган дор ахлах зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарын эрдэмтэн мэргэжилтнүүд ажилласан байдаг. Тэд 1943-1947 он, 1947-1953 он, 1953-1961 он гэсэн 3 үе шаттайгаар 16 жилийн нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр Монгол Улсын түүхэнд анх удаа нарийвтар ноост эх орны ууган үүлдэр болох Мах-ноосны чиглэлийн хонийг бий болгожээ. Ингээд 1961 оны 2-р сард ”Орхон” нэртэйгээр батлуулсан байна. Сэлэнгэ аймгийн Орхон сум Монгол Улсад нарийн, нарийвтар ноост хонины анхны үүлдрийн хонь бий болсон анхны нутаг.

Орхон хонь нь монгол орны ойт хээрийн бүсэд бий болсон эрлийз хонь гэдгээрээ онцлогтой. Түүнийг ашиг шим үүлдрийн чанараар бие даасан үүлдрийн шаардлагыг хангасан тул 1961 оны 3-р сард нарийвтар ноост Орхон үүлдэр болгон баталж зарласан түүхтэй аж. Энэ хонины ашиг шимийн дундаж үзүүлэлт нь Үржлийн хуцны амьдын жин 80-85 кг, ноосны гарц 6.5-8.0 кг, урт нь 10-12 см байдаг. Харин эм хонины амьдын жин 58-62 кг, ноосны гарц 3.8-.4.0 кг, ноосны урт 8-10 см аж. Мөн үржлийн хуцны ашиг шимийн дээд үзүүлэлт нь 102.2 кг, ноосны гарц 12 кг, ноосны урт 15 см, эм хонины амьдын жин 80.0 кг, ноосны гарц 7.0 кг ноосны урт нь 13 см хүрчээ Түүнчлэн ноосны өтгөн, жигд, урт атираа, зунгаг зэрэг бусад үзүүлэлтүүд нь бүрэн хангалттай хонь юм.

Орхон хонийг бий болгоход оролцсон эрдэмтэн судлаачид, малчдын дундаас Монгол Улсын Гавъяат зоотехникч Т.Аюурзана, МУ-ын төрийн соёрхолт зоотехникч  Ж.Дашцэрэн, Ж.Рааш, БНМАУ-ын хөдөлмөрийн баатар хоньчин А.Хөх-Уул, С.Гончигбал, Т.Тэрбиш, улсын аварга малчин Ц.Адъяа, П.Хамбага, Т.Тунгалаг,  Т.Жигжиддорж, Ч.Раднаа, Г.Нямбуяндэлэг. Хурдан хяргагчдын улсын уралдааны аварга Т.Дүгэрсүрэн, мал аж ахуйн аварга мэргэжилтэн Д.Дагдан, н.Пүрэвсүрэн нарын алдартанууд төрөн гарчээ. Эх орны үүлдэр, хүний оюуны бүтээл болох “Орхон үүлдрийн хонь” бий болсон түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Орхон сумын Сайн малчин Ц.Бадрахын гэр бүлээс Орхон хонины хөшөөг нутагтаа бүтээсэн байна. 



Холбоотой мэдээ