ЗАВХАН: Бөхийн тухай 700 гаруй номын цуглуулга бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-23 20:12:03

Завхан/МОНЦАМЭ/.Идэр сумын уугуул, бөх тайлбарлагч С.Давааням бөхийн тухай 700 гаруй номын цуглуулгатай.

Хүн бүр өөрийн сонирхлоор төрөл бүрийн зүйл цуглуулдаг. Тэгвэл С.Давааням зөвхөн бөхийн тухай ном цуглуулдаг сонирхолтой аж. Тэрээр өөрийн цуглуулга “Миний хайртай үнэт цуглуулга минь” нэрээр өөрийн нүүр номдоо дэлгээд буй. –“Миний бие үндэсний бөх тайлбарлагч, улсын дэд тайлбарлагч зэрэгтэй. Яагаад ч юм өөрийн хүсэл сонирхлоороо арван жилийн нэг хоёрдугаар ангийн хүүхэд байхаасаа бөхийн тухай ном цуглуулж эхлээд 20 жилийг ардаа үджээ. Ингэж цуглуулахад амаргүй байсан. Цуглуулгадаа байхгүй номуудаа олж байна гээд зүүдэлж ч байсан өдрүүд бий. Хөдөө орон нутагт ажиллаж амьдардаг олон ч хүнтэй холбогдон эрэл хайгуул хийн жагсаалтад байхгүй байсан олон ч ховор номыг олж авсан даа. Ер нь бөхтэй холбоотой цуглуулгууд дотор бөхийн тухай ном голлох байр суурь эзэлдэг” гэв. Өнөөдөр тэрээр монгол бөхийн тухай 700 гаруй номыг цуглуулж, монгол улсад хамгийн олон, бөхийн номын цуглуулгатай цөөн хүмүүсийн нэг болжээ. Түүний цуглуулгын дотор хамгийн эртний хэвлэгдсэн ном нь одоогоос 71 жилийн өмнө буюу 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор хэвлэгдсэн Я.Цэвэлийн бичсэн “Монголын бөхийн тухай” нэртэй ном байна. Бөх тайлбарлагч С.Давааням: -“Монгол улсад хэвлэгдсэн бөхийн тухай бүхий л номыг олж авч чадсан даа үнэхээр их баяртай явдаг. Манай бөхчүүд, бөх сонирхогчдоос цуглуулгыг минь дэмжиж, цөөнгүй хүмүүс мөн л бөхийн тухай ном бэлэглэж байсан. Монгол бөхийн босоо цагаан хийморь та бүхнийг өнөд ивээг ээ” гэж хэллээ. Завхан аймгийн Идэр сумын уугуул, Тосонцэнгэл сумын харьяат үндэсний бөхийн улсын дэд тайлбарлагч, Монгол үндэсний бөх, Завханы бөхчүүд бүлгэмүүдийн админ Сэрээтэргочоогийн Даваанямтай уулзаж ярилцсан сонирхолтой ярилцлагыг үргэлжлүүлэн хүргэнэ. 

Холбоотой мэдээ