ТӨВ: Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-07-20 13:49:31

Төв /МОНЦАМЭ/ Төв аймаг дахь Цагдаагийн газраас баярын жагсаал, Тангараг өргөх ёслол, Төрийн дээд одон медаль, салбарын болон аймгийн шагнал гардуулах ёслолыг өчигдөр зохион байгууллаа.


Тус үйл ажиллагааг Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүссэний 100 жилийн ой, “Цагдаагийн болон Дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд Төв аймаг дахь Цагдаагийн газрын 150 гаруй алба хаагчид оролцлоо.

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэрэг үүссэний 100 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, хамгаалах,олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдаа алдаршуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 123 дугаар зарлигаар “Цэргийн Хүндэт медаль”-иар 1, “Хугацааны цол”-оор 10, “Ахлагч цол”-оор 4, Цагдаагийн Ерөнхий газрын шагналаар 13, Төв аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр 8, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар 7, Цагдаагийн газрын даргын шагналаар 8, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль”-иар 14, “Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль”-иар 3 алба хаагчийг тус тус шагналаа.


Төв аймаг дахь Цагдаагийн газар нь Дотоод явдлын яамны сайдын 1943 оны 185 тоот тушаалаар Төв аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн харъяанд Цагдан сэргийлэх анги нэртэй байгуулагдсанаас хойш эдүгээ 79 дэх жилтэйгээ золгож байна.

Тус газар нь 2022 оны хагас жилийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 2195 гомдол мэдээлэл хүлээн авч шалгаснаас 96.4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэн 294 холбогдогчтой 2.2 тэрбум төргөгийн хохиролтой 396 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57.6 хувиар, гэмт хэрэг илрүүлэлт 4.2 хувиар өссөн байна. Мөн Орхон Их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 42 алба хаагч, 4 гэр бүлтэй сургалтын гэрээ байгуулан эрх зүйн бакалавр, магистрын сургалтад хамруулж байна. Түүнчлэн эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт нийт бүрэлдэхүүний 96 хувийг хамруулж, ажилтан, алба хаагчдын ажиллах нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор Цагдаагийн газрын шинэ барилгын зураг төсвийн хөрөнгө болох 44.5 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хүрээнд, Баянчандмань, Баян, Батсүмбэр, Эрдэнэсант, Бүрэн сумдад Цагдаагийн хэсгийн байр (Кобан) шинээр бариулах болон их засварын төсвийг Барилга, хот байгуулалтын сайдын багцаас шийдвэрлүүлэн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ