АМГТГ: Аи-92 автобензиний үнэ, хангамж тогтвортой байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-18 09:18:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АМГТГ-ын мэдээгээр энэ сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 51 хоног, Аи-92 автобензин 36 хоног, Аи-95 автобензин 39 хоног, дизель түлш 24 хоног, ТС-1 онгоцны түлш 15 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.

Энэ оны эхний 7 сард улсын хэмжээнд нийт 946.3 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Үүнээс 872.3 мянган тонн шатахуун байгаагаас:

  • А-80 автобензин 19.7 мянган тонн,
  • Аи-92 автобензин 314.8 мянган тонн,
  • Аи-96/98 автобензин 15.3 мянган тонн,
  • ДТ 472.9 мянган тонн,
  • ШШТ 20.6 мянган тонн,
  • ТС-1 онгоцны түлш 28.7 мянган тонныг тус тус импортолжээ.

 


УУХҮЯ-наас Аи-92 автобензиний үнэ он дуустал тогтвортой байна гэж мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн 4-6 дугаар сард манай улсын нефть бүтээгдэхүүний гол нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай олон удаагийн хэлцэл хийсний үр дүнд өнөөдөр нэг тонн Аи-92 автобензинийг 840 ам.доллароор буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч дотоодын зах зээлд борлуулж байна. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнэ өнөөдрийг хүртэл литр нь 2,390 төгрөгт хадгалагдаж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний Аи-92 авто бензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний Аи-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-наас ОХУ, БНХАУ-тай хэлцээр хийн ажиллаж байгааг мэдээлэв.

 

Холбоотой мэдээ