СЭЛЭНГЭ: Ерөөгийн халуун рашааны хамгийн халуун нь 42 хэм

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-07-16 11:38:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх өв, дурсгалт газрын нэг бол Ерөөгийн халуун рашаан.

Энэхүү рашаан нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдын нутгийн заагт, Ерөө голын эхний цутгал болох давчуу битүү ойгоор урсах Ар илчлэхийн голын дунд хэсэгт оршдог. 1150 метрийн өндөрт орших карбонат натрийн төрлийн халуун устай рашаан юм. Рашааны усны халуун нь дунджаар 35-45 хэмийн хооронд хэлбэлзэх бөгөөд Онон, Естийн халуун рашааны нэгэн төрөл рашаан ажээ.

Халуун рашаан нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд хамгийн бага хэмтэй нь шаварлаг бөгөөд 40 хүрэхгүй хэмтэй. Дараагийн хэсэг нь чулуун суурь бүхий дөрвөн хүн хэвтээгээр багтах хэмжээтэй өмнөхөөс илүү хэмтэй юм. Хамгийн халуун буюу гурав дахь хэсэг нь 42 орчим хэмтэй. Эдгээр хэсгүүд нь хэдхэн алхмын зайтай байрладаг.

Өвлийн цагт мөстөж, халтирах аюултай байдаг. Хүмүүс рашаанд явахдаа усны хувцас, ванны том алчуур эсвэл ванны халат, Монгол дээл, тавчик гэх мэт зүйлстэй явахыг зөвлөдөг байна. Мөн халуун рашаанд суухдаа энгийн саунд суух дүрэм журмыг баримтлах ёстой байдаг. Тодруулбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ орохгүй байх, тохиромжтой хугацаа нь нэг удаа 15-20 минут, ус ууж алдагдсан шингэнийг нөхөх, өвдсөн үедээ орохгүй байх гэх мэт.

Энэхүү Ерөөгийн халуун рашаанд Улаанбаатараас очих замын маршрутыг танилцуулъя. Монгол Улсын хамгийн том сум болох Зүүнхараа буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв хүртэл 190 км. Зүүнхараагаас Хонин нуга - /өвөл гол хөлдсөн үед голоор явах/ эсвэл Уртын даваа, Хатангийн даваа – Ерөө гол, Шарлангийн голын гарам, Шарлангийн гол, Арижлахийн гол - 50 км явж рашаанд хүрнэ. Нийт замын урт Улаанбаатараас нэг талдаа 300 км байдаг юм байна.

Холбоотой мэдээ