БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Тацүми Такашиг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 11:27:13

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр Япон улсын Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэнгийн ерөнхийлөгч  Тацүми Такашиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл, Япон улсын Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэнгийн гүйцэтгэх ерөнхий захирал Андо Кацүхико нарын хүмүүс оролцов. Японы Үндэсний технологи ба үнэлгээний хүрээлэнгийн Биологийн нөөцийн төв, ШУА-ийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн хамтран “Монгол орны бичил биетний экологи, ангилал зүй ба ашиглалт” судалгааны төслийг 10 жилийн турш хэрэгжүүлжээ. Төслийн баг  судалгааныхаа явцад Монгол орны бичил биетний ангилал зүй, зүйл 8000 гаруй зүйл болж бүртгэгдсэнийг тогтоон жагсаалт гаргасан байна.  Уг төслийг  цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул БОАЖ-ын сайдыг дэмжиж хамтарч ажиллахыг хүслээ.

Доктор  Андо Кацүхикогийн удирдаж 10 жил хэрэгжүүлсэн уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг дэмжиж, хамтран ажиллахаа БОАЖ-ын сайд Д.Оюунхорол илэрхийллээ. Монгол Улсын Засгийн газар 1996 онд анх “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг баталж, 2015 онд шинэчилжээ.  Цаашид “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд бүх яамд, салбарын агентлаг, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн удирдлага, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагааны уялдаа, тогтвортой байдал нэн чухал байгааг БОАЖ-ын сайд онцоллоо.

Уулзалтын үеэр Генетик нөөцөөс үүсэх үр ашгийг тэгш шударгаар хуваарилах тухай Нагояагийн Протоколын дагуу мөнгөн болон мөнгөн бус ашгийг хүртэх асуудлыг  судалгааны байгууллагууд хамтын гэрээндээ тодорхой тусгах талаар мөн санал солилцов.  Байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй олон улсын гэрээ конвенцуудийн хэрэгжилт нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудын оролцоо, тэдний санхүүгийн боломж, хүн хүчний чадавхи зэргээс хамааран харилцан адилгүй түвшинд байдаг боловч НҮБ-ын суурь 3 конвенц гэж нэрлэгддэг уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, цөлжилтийн конвенцууд харьцангуй амжилттай хэрэгждэг гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ