“Дээлтэй монгол-2022- наадамд Өвөрхангай, Хэнтий аймгийн багачуул тэргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-07-09 17:02:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Дээлтэй монгол-2022- наадамд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр боллоо.

Энэ удаагийн наадамд нийслэлийн дүүргүүд, Өвөрхангай, Хэнтий, Баян-Өлгий, Архангай, Дорнод аймгаас болон ОХУ зэрэг гадаад улс орноос ирсэн иргэд, жуулчид оролцлоо. Наадмын гол үйл ажиллагаа үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал болж, 8 000 гаруй хүн оролцож, монгол хуцвасны гоёлын үзүүлвэр, урлагийн тоглолт боллоо.


Мөн уралдаан тэмцээнүүд болж шилдэг оролцогчдыг шалгарууллаа. Монголын зан заншил, ахуй соёл уламжлалыг жуулчдад сурталчилж, тойрон бүжгийг хийв.  “Дээлтэй монгол-2022- наадмын соёлын үзүүлвэр, урлагийн тоглолтоор Өвөрхангай аймгийн Хөгжимт бүжгийн театрын дэргэхэд хүүхдийн “Ирмүүн” хамтлаг, мөн Хэнтий аймгийн багачуул тэргүүллээ. Нийслэлийн дүүргүүдээс Сонгинохайрхан  дүүрэг шилдэг оролцогчоор шалгарлаа. Тус дүүргийн 43 хорооны төлөөлөл болсон 1700 гаруй иргэд энэхүү парадад Монгол үндэстэн, ястнуудын уламжлал шингээсэн хувцсаар гоёж оролцсон юм.

“Дээлтэй монгол-2022- наадмын хүрээнд өнөөдөр 18.00-20.00 цагт  “Дээлтэй диско” хөгжмийн наадам эхэлж, орчин үеийн хамтлаг, дуучид тоглож байна. DJ нарын сет хөтөлбөрийг залуучуудад зориулж байна.


16 дахь жилдээ, Үндэсний их баяр наадмаар уламжлал ёсоор болдог “Дээлтэй монгол-2022” урлаг, соёлын наадмыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” компани хамтран зохион байгуулав. 




Холбоотой мэдээ