ХОВД: Б.Эрдэнэчулуун: Дээл урласнаар сард дунджаар 1.5 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-08 16:44:43

Ховд /МОНЦАМЭ/. "Дээлтэй монгол-2022"  үйл ажиллагаанд оролцогч, урианхай хувцас урлаач Б.Эрдэнэчулуунтай цөөн хором ярилцлаа.

Тэрбээр Ховд аймгийн Цаст-Алтай цогцолбор сургуульд 20 орчим жил дизайн технологийн багшаар ажиллаж байна. Чөлөөт цагаараа үндэсний хувцас урлах дуртай.    


-Та үндэсний хувцас, тэр дундаа урианхай дээл урлах аргад хэрхэн суралцсан бэ?

-Миний ээж П.Дуламсүрэн оёдолчин байсан учраас би зургаадугаар ангийн сурагч байхдаа анх дээлний эсгүүр гаргаж, оёдол хийж сурсан.

Монголчуудын хойч үедээ өвлүүлэн үлдээсэн биет болон биет бус өв нэлээд их байгаа. Түүний нэг бол дээл урлах үйл хэмээдэг. Халх, буриад, урианхай гэх мэт хэн, ямар угсаатны бүлэг өмсөхөөс шалтгаалан дээл оёх, загвар хийц гаргах, урлах даавуу, торгоор нь ялгаж болно.

Миний хувьд Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, урианхай угсаатан учраас урианхай дээлийг урлах маш их дуртай. 2001 онд  “Дулам Эрдэнэ” хоршоо байгуулснаар урианхай дээл урлах ажлаа тогтмол хийдэг боллоо.

-Тэгвэл урианхай дээлний гол онцлог юу вэ?  Урлахад хэр их цаг хугацаа зарцуулж байна?

-Урианхай дээлний тухайд, эрэгтэй дээл нь хар хэрвээтэй, хоёр талаараа оноотой, оноог нь хэрвээлж эмжиж өгснөөрөө бусад дээлээс онцлог байдаг. Нударга нь нэлээд том. Малгай нь ерөнхийдөө дуулга хэлбэртэй байна.

Эмэгтэйчүүдийн дээлний суга нь 16-17 см өргөн. Ташаанаасаа гурав эсвэл таван өнгийн алчуурыг унжуулсан байдаг. Үсний гэрнийхээ дороос хүнд хүчир гоёл байхгүй хэрнээ бэлгэдлийн шинжтэй зангидаад, цацаг унжуулдаг. Малгай нь тоорцог хэлбэрийн хоёр тал руугаа чихээ буулгаж өгдөг. Мөнгөн эдлэл чимэглэлийг зургаан талд нь хатган өгч, дээлний захыг тойруулсан цагаан захтай, дотуураа нимгэн улаан өнгөөр эмжсэн цагаан захтай байдаг.

Эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл дэлгэрсэн хувцасны төрөл бол цэгдэг. Цэгдэг нь нөхөрт гарсан эмэгтэй хүн тэрлэгийнхээ гадуур давхарлаж өмсдөг гоёлын давхац өмсгөл юм.

Би эхнэр дээлийг 8-10 хоног, хүүхдийн дээлийг 3-4 хоногийн хугцаанд урладаг. Торго дурдан бус даавуу даалимба голчлон ашиглах ба хатгамал чимэглэл их учраас нэлээд их хугацаа, нарийн ажиллагаа шаардлагатай байдаг.

-2022 он гарсаар хэчнээн дээл урлаж, зах зээлд нийлүүлсэн бэ?

-Би ихэвчлэн цахим хаягаараа дамжуулан Эрдэнэт, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Ховд аймгийн иргэдээс дээлний урлах захиалга авдаг. Энэ оны гуравдугаар сараас өдий хүртэл 40 ширхэг урианхай дээл оёсон. Манай Мөнххайрхан суманд өв соёлын өргөө байгуулсан, мөн удахгүй Баян-Өлгий аймагт Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүдийг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан захиалга их ирж, нэлээд богино хугацаанд эдгээр дээлийг урлалаа. 

-Та өөрийн гараар дээл урлахаас гадна ажилгүй, гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүдэд зориулсан дээлний сургалт хийсэн.  Энэ талаар хуваалцвал?   

-Нэгэн цагт эмэгтэйчүүд, гэргий бүрийн хийдэг байсан үйл өнөөдөр эзэмшиж үлдсэн нь цөөхөн. Иймээс үндэсний хувцас, тэр дундаа урианхай дээлийг хэрхэн оёж, урлах талаар долоо хоногийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгууллаа. Ингээд гэртээ хүүхдээ хардаг, ажилгүй, цаашид өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэлтэй  30 гаруй эмэгтэй  уг сургалтад оролцож,  ур чадвар эзэмшсэнд талархалтай байна.

Миний хувьд дээл, хувцас урласнаар сард дунджаар 1 сая 500 мянган төгрөгийн нэмэлт орлого олж байна. Тэгэхээр эдгээр эмэгтэйд мөн ийм боломж, өрхийн амьжиргаагаа сайжруулах гарц бий.

-Та “Дулам Эрдэнэ” хоршоогоороо дамжуулан хэчнээн хүнийг ажлын байраар хангаж байна вэ? 20 гаруй жилийн хугацаанд бүтээсэн амжилтаас товч дурдвал?

-Манай хоршоонд одоогоор таван хүн ажиллаж байгаа. Миний хувьд 2011 онд Ардын урлагийн их наадамд Урианхай хувцасны төрлөөр оролцож, дэд байрт шалгарч байсан. Мөн 2014 онд урианхай хувцас болон эсгийн урлалын 100 гаруй бүтээлийг бие даан гаргаж, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байлаа. Би дээл урлах аргыг ээжээсээ сурсан  учраас энэ чадвараа мөн охиндоо өвлүүлж яваадаа баярладаг.

-Цаашдын зорилго, зорилтоосоо хуваалцана уу?

-Дээл бол олон мянган жилийн түүхтэй, монголчуудын үндэсний хувцасны нэг юм. Аливаа улс үндэстэн, ард түмний чухал дурсгалын нэг бол үндэсний хувцас бөгөөд өөр өөрийн дахин давтагдашгүй, өвөрмөц хэв маяг, хэлбэр донжийг бүрдүүлж байдаг. Монголчууд үндэсний их баяр наадам, сар шинийн баяр, хурим зэрэгт үндэсний дээл хувцсаараа гоёдог уламжлалтай.

Энэхүү уламжлалыг өргөжүүлэх, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс цаашид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт урианхай дээл урлах аргачлалын талаар хичээл тусган оруулж, 10-12 дугаар ангийн сурагчдад зааж сургах бодолтой байна.

-Ярилцсанд баярлалаа, Танд ажлын амжилт хүсье.

 

 

 

Холбоотой мэдээ