БАЯНХОНГОР: "Урилгагүй, дайллагагүй, бэлэг сэлтгүй" наадна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-07 15:43:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоо 7 дугаар сарын 29, 30, 31-нд зохион байгуулахаар товлосон. Тэгш ойтой “Хангайн бүс” хурдан морьдын уралдаан, Хүчит арслан П.Аюуш мэндэлсний 100 жилийн ой, Доктор, профессор С.Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ойг хамтатган тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлээд байна.

"Төсвийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор баяр наадмын зардлыг нэлээд хэмнэх зохион байгуулалтуудыг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд, баяр наадмыг ямар нэгэн урилгагүй /түүхэндээ анх удаа/ хийхээр төлөвлөсөн бөгөөд зочдыг хүлээн авч байрлуулахгүй, бэлэг дурсгалын зүйлгүйгээр тэмдэглэн өнгөрүүлнэ" гэдгийг Баяр наадмыг зохион байгуулах комисс мэдээлэв.

Тодруулбал, Урилгыг уугуул, суугуул, ажиллаж амьдарч байсан нийт иргэдэдээ цаасан биш цахим хэлбэрээр илгээж байгаа бөгөөд хүлээн авалтын үйл ажиллагаа хийхгүй байхаар тооцоолжээ. Зочид ойн үеэр зохион байгуулах олон төрлийн үйл ажиллагаанд нээлттэй оролцох боломжтой бөгөөд хоол унд, буудаллах байр зэрэг асуудлыг өөрсдөө шийдвэрлэх аж.

Мөн ирсэн зочдод бэлэг дурсгалын зүйлгүй гардуулахгүй бөгөөд баяр наадмын өдрүүдэд аймгийнхаа Баганат талбайд 20 асрыг байрлуулж, Баянхонгор аймгийн уран бүтээлчид, гар урчууд, үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах цэг болгон ажиллуулна. Баянхонгорчууд юу хийж бүтээж чадаж байгаагаа тус үзэсгэлэн худалдаагаар дэлгэх бөгөөд зочид хүссэн зүйлээ наадмын аль ч өдөр төв талбайгаас худалдан авах боломжтой.

Холбоотой мэдээ