Төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэхийг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-07-05 16:09:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс адуитын компанийн захирлуудын ээлжит семинарыг өнөөдөр "Новотел" зочид буудалд зохион байгууллаа.


Семинараар үнэт цаас болон хөрөнгийн, даатгалын зах зээлд аудитын хяналт, дүн шинжилгээний үйлчилгээ эрхлэх талаар хөндлөө. Мөн төрийн аудитад шинээр хэрэгжүүлж буй ПАС системийн талаар танилцуулав.

Дэлхийн Нягтлан бодогчдын холбооны дэргэдэх Аудит баталгаажуулалт, үйлчилгээний олон улсын Стандартын зөвлөлөөс өнгөрсөн онд аудитын Чанарын удирдлагын олон улсын стандартуудыг шинээр баталжээ. Эдгээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажилд аудитын компанийн захирлууд анхаарлаа хандуулж байлаа.


Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн талаар хийсэн судалгааг мөн танилцуулсан юм. Судалгаагаар санхүүгийн удирдлага, төсвийн болон аудит, нягтлан бодох бүртгэлийн шинэчлэлий хэрэгжилтийн түвшин дунджаас доогуур үзүүлэлттэй гарчээ. Харин бүртгэл, тайлагналын шинэчлэлийн зорилго харьцангуй сайн биелж, хэрэгжиж буй аж. Судалгаагаар санхүү, төсвийн шинэчлэлийн үйл ажиллагааны болон төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэхэд анхаарахыг зөвлөжээ.


Тодруулга: Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь Дэлхийн Нягтлан бодогчдын холбооны жинхэнэ гишүүн, Ази, Номхон далайн нягтлан бодогчдын холбооны гишүүн, Ази, Номхон далайн стандарт тогтоогчдын бүлгийн гишүүн байгууллага юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг, нийслэл, дүүрэгт нийт 30 салбартай, 5 000 гаруй гишүүнтэй, хараат бус аудитын 150 компанийг эгнээндээ нэгтгэн мэргэжлийн үйл ажилллагаа явуулж байна.


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ