СҮХБААТАР: Залуус нэгдэн “Sb street fashion-2022” үйл ажиллагааг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТАГТ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-29 11:35:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт “Sb street fashion-2022 үйл ажиллагааг анх удаа зохион байгууллаа. Энэ бол бүх насныханд зориулсан чөлөөт үйл ажиллагаа бөгөөд оролцогчид өөрсдийн хүссэн хувцас, загвараар гоёхын зэрэгцээ залуучууд үндэсний хувцсаа орчин үеийн хэв маяг, загвартай хослуулан өмссөн нь олны харааг булааж байв.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн гэрэл зурагчид нэгдэн оролцогчдын болоод үзэгчдийн санаатай болон санамсаргүй дүр төрхийг гэрэл зургийн хальснаа буулган хадгалсан нь онцлог байсан юм. Мөн Open mic, загварын шоу, флаш моб, Street food зэрэг сонирхолтой үзвэр, үйлчилгээг нэг дор үзүүлсэн нь анхдагч байлаа.


Тодруулбал, орон нутагт хувцас үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хайртай, Чамбай брэндийн хамт олон үндэсний их баяр наадмыг угтан урласан дээл, хувцсаа олонд танилцуулан, залуучууд өөрийн хүсэлтээр тайзан дээр гарч ая дуугаа өргөж, хүүхэд залуус бусдад хайр түгээн бүжиглэж, гудамжны бүх төрлийн хүссэн түргэн хоол, амттанаа газар дээр нь хийлгэн шинэхнээр нь амтлах боломжуудыг бүрдүүлжээ.

Орчин үеийн залуусын хөгжил, соёлын чиг хандлагыг орон нутагтаа нэвтрүүлэхийг эрмэлзсэн энэхүү үйл ажиллагааг Алдар фото студийн санаачилгаар Сүхбаатар аймгийн Соёл, урлагийн салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл бусад төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй сайн дураараа нэгдэн зохион байгуулсан юм. Үйлчилгээ, үйл ажиллагаанууд нь шинэлэг байсны зэрэгцээ хүүхэд багачууд, оюутан залуусын хэрэгцээ шаардлагад нийцсэн уг ажлыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 

Холбоотой мэдээ