ХЭНТИЙ: Эмчид үзүүлэх дарааллыг харуулсан лед дэлгэц суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-06-28 18:07:49
Хэнтий /МОНЦАМЭ/ Иргэдээс эмнэлэгт үзүүлэх дараалал авахад хүндрэлтэй байдаг, танил талаа дугаар харгалзахгүй оруулдаг гэсэн гомдлууд аймгийн Засаг даргад нэлээд иржээ. Тиймээс энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Засаг даргын зүгээс чиглэл өгсний дагуу Нэгдсэн эмнэлэгт цаг захиалгын утсыг 4 дүгээр сараас эхлэн ажиллуулж эхэлсэн байна.
Ингэснээр хөдөө орон нутгаас ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах иргэд урьдчилан утсаар цаг авдаг болсон нь цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэсэн үр дүнтэй ажил болсон аж.
Харин энэ удаад иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн цагийн дарааллыг ил тод болгох зорилгоор аймгийн төсвөөс Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн кабинетуудын үүдэнд 40 ширхэг дэлгэц, цахим бүртгэлийн танхимд бүх кабинетын үзүүлэх дарааллыг харуулсан лед дэлгэцийг тус тус суурилууллаа.
Үүний үр дүнд иргэд тухайн тасгаар үйлчлүүлэхээр бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг харж байгаа тул урьдчилан цаг аваагүй иргэд урдуур нь орох боломжгүй болж байгаа юм. Мөн цахим бүртгэлийн танхимд байрлуулсан дэлгэцээр амбулаторийн тасгуудын үйлчлэх хүчин чадал, тухайн өдөр үзүүлэх цаг үлдсэн эсэхийг харах бүрэн боломжтой болсон байна. Энэхүү тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулж байгаатай өнөөдөр аймгийн Засаг дарга биечлэн танилцлаа.
Холбоотой мэдээ