ГОВЬ-АЛТАЙ: “Оролцоо” төсөлд 38 залуу хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-28 14:51:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалтыг амжилттай явуулж байна.

Энэ онд уг төслийн сургалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 93 залуу бүртгүүлснээс 38 нь мэдлэгээ баяжуулж, туршлага хуримтлуулан, ажлын байртай болох зорилгоор Улаанбаатар хотыг зорилоо. Төсөлд хамрагдаж буй залуус 14 хоногийн хугацаанд Улаанбаатар хотод хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон хувь хүний хөгжлийн олон талт сургалтад хамрагдаж, үндэсний томхон үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах аж. Ингэснээр оролцогчид ажлын байрны дадлага хийх болон урт хугацаанд ажиллах боломжтой байгууллагаа сонгох боломжийг олгодог юм. Мөн оролцогчид үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн менторшип хөтөлбөрт хамруулах тухай тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.

Ташрамд, Менторшип гэдэг нь өндөр амжилт гаргасан, ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар арвин хувь хүмүүс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, үлгэр дуурайл үзүүлэгч мөн зөвлөгчийн үүргийг хувийн болон мэргэжлийн ойр дөт харилцаа холбоог бий болгох замаар гүйцэтгэж байгаа үйл явц юм.

Залуучуудад эрүүл, эртэч, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байранд зуучлах энэхүү төсөлд 18-34 насны сүүлийн гурван сар ажил хөдөлмөр эрхлээгүй залуучууд хамрагдаж байгаагаараа онцлогтой.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасан залуучуудын хөгжил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрт хамруулж хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор “Оролцоо” төслийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ