Швед, Финландыг НАТО-д гишүүнээр элсүүлэхэд тавьсан хоригоо Турк улс цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-29 10:53:45

АНКАРА. /АP/. Испанийн Мадрид болсон хэлэлцээний дараа Турк улс Швед, Финланд улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэхэд тавьсан хоригоо цуцаллаа. 


Мадрид хотноо мягмар эхэлсэн НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар дөрвөн талын уулзалт хийсэн байна. Уулзалтын дараа Турк, Финланд, Шведийн Гадаад хэргийн сайд нар гурван талын санамж бичигт гарын үсэг зуржээ. 


Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Финландын Ерөнхийлөгч Ниинистё, Шведийн Ерөнхий сайд Андерссон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг нар байлцсан байна. 


“Бид Финланд, Швед улсуудыг НАТО-д элсүүлэх тохиролцоонд хүрлээ. Энэ бол түүхэн шийдвэр юм” гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг уулзалтын дараа мэдэгджээ.


Уг баримт бичигт Финланд, Швед, Турк улсууд “бие биеийнхээ аюулгүй байдалд учирч аюул заналын эсрэг харилцан бие биедээ бүрэн дүүрэн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. 


“Турк улс хүссэн зүйлээ авлаа. Финланд, Швед  улсууд Курдийн Ажилчны нам /КАН/ болон түүний салбаруудтай тэмцэхэд Турк улстай бүрэн хамтран ажиллахыг зөвшөөрсөн. Батлан хамгаалах аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьсан хориг цуцлагдаж, энэ чиглэлээр хамтын ажиллагаа өргөжинө. Терроризмтой тэмцэх чиглэлээр тагнуулын мэдээлэл солилцох хамтын ажиллагааны бүтэцтэй механизм бий болно” гэж Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгджээ. 


Финланд, Швед улсууд мөн Анкара террористууд гэж үздэг курдүүдийн бүлэглэлүүдийг төдийгүй Туркт төрийн эргэлт хийхийг завдсан хэрэгт буруутгагдаж буй "фетуллахистуудын террорист байгууллагыг (FETO)” дэмжихгүй гэдгээ амласан байна. 


Гурван улс "эдгээр алхмын хэрэгжилтэд хяналт тавих хууль, тагнуул, аюулгүй байдлын байгууллагуудын төлөөллийг оролцуулсан байнгын хамтарсан механизм" байгуулах төлөвтэй байна.


Холбоотой мэдээ