ӨВӨРХАНГАЙ: Такикава хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-24 16:11:02

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Япон Улсын Такикава хотын Гадаад харилцааны нийгэмлэгийн тэргүүн Мизүгүчи Нориказү Арвайхээр хотноо ажиллаж байна. Тэрбээр аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Өвөрхангай аймаг Такикава хоттой 2011 оноос хойш газар тариалан, боловсролын чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаа Такикаво хотын ахлах сургууль, Арвайхээр сум дахь, улсын тэргүүний “Мэргэд” сургууль хооронд найрсаг харилцаа тогтоож, хамтарсан судалгаа хийх, сурагч солилцоогоор туршлага хуваалцах саналтай байгаагаа хэлэв.

Мөн “Онцгой байдлын албанд зарлан мэдээлэх зориулалтаар ашигладаг, иж бүрэн тоноглолтой автомашиныг Японоос Өвөрхангай руу ачуулсан, дотор нь хүүхдийн биед сөрөг нөлөөгүй, нуруунд ачаалал бага өгдөг 200 цүнхийг хийсэн. Удахгүй иж бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн машин хандивлахаар Өвөрхангай руу ачуулах бэлтгэл ажлыг хангаж байна” хэмээн Мизүгүчи Нориказү хэллээ.

Такикава хотоос 2020 онд иж бүрэн тоноглол бүхий гал унтраах автомашиныг манай аймагт хандивлаж байсан. Мөн цагаан будаа, бөөрөнхий сонгино тарих, загвар аж ахуй байгуулах, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг чадавхжуулахад онцгой анхаарч ажилласан юм.

Холбоотой мэдээ