Монгол, Германы худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-06-24 10:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн яамны улс төрийн зөвлөлдөх ээлжит уулзалт энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо болов.


Уулзалтад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын орлогч захирал Др. Мартин Түммел оролцов.


Уулзалтаар хоёр орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн талаар талууд мэдээлэл солилцож, Монгол, Германы хоёр талын болон бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд өрнүүлж буй хамтын ажиллагааны өргөн асуудлаар ярилцав.


Тухайлбал, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, батлан хамгаалах, соёл, боловсрол, тээврийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр талын яриа хэлэлцээний механизмуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, соёл, эрүүл мэндийн салбарын яамд хоорондын зөвлөлдөх уулзалтуудыг сэргээх, дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх зэрэг Иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг хамарсан олон асуудлыг хэлэлцэв.


ХБНГУ манай улсад хэрэгжүүлэх Хөгжлийн албан ёсны тусламж, хамтын ажиллагаагаа сэргээж байгааг германы тал мэдээлж, эл чиглэлээр хоёр талын яриа хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлэхээ нотлов.

Холбоотой мэдээ