СҮХБААТАР: Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах чиглэлээр 20 иргэнийг түр ажлын байраар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-22 11:18:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлах чиглэлээр нийтийг хамарсан ажлыг 6 дугаар сарын 13-наас эхлүүлсэн. Энэ хүрээнд Баруун-Урт сумаас 20 иргэнийг түр ажлын байраар ханган ажиллуулж байна. Эдгээр иргэд наадмын хуучин талбайд гоёлын мод 45 ширхэг, агро паркад 2100 ширхэг хайлаас мод суулгажээ.

Мөн тавдугаар тойргийн модыг хамгаалж хашсан 12 мянган метр газрын хашааг сэргээн засварлах, ХАА-н цогцолборын хүнсний ногоог усалж арчлах, нийтийн эзэмшлийн зарим хашаа хайсыг засварлах ажлуудыг хийж байна. 


Дээрх иргэдийг сонгохдоо өрхийн амжиргааны түвшин доогуур, хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг өрхүүдээс сонгожээ. Тухайн иргэд нь 10 хоногийн хугацаанд ажиллах бөгөөд өдрийн 40 мянган төгрөгийн цалинтай аж.

Баруун-Урт сумын хэмжээнд энэ оны хаврын тарилтаас эхлэн одоогоор нийт 4000 гаруй мод шинээр суулгаад байна.

Холбоотой мэдээ