Амарч зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2022-06-21 16:47:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүн хажуугийн Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Чулуут, өврийн Зэгстэй болон Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгджээ.


Мөн Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол үерийн түвшинг 10-55 см, Хэрлэн гол Мөнгөнморьт, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 10-45 см даван тус тус хүчтэй үерлэж байна.  

Маргааш Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 40 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 35 см, цаашлаад 25-26-ны өдрүүдэд Чингис хот орчмоор 30-50 см нэмэгдэн үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэнэ.

Түүнчлэн Туул гол Алтанбулаг,  Онон гол Дадал сум орчимд усны түвшин 20 см орчим нэмэгдэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг ОБЕГ онцгойлон анхаарууллаа.

Холбоотой мэдээ