Жолооч нар "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аянд нэгдлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-06-21 16:07:04

Баянхонгор /МОНЦАМЭ/.  Энэ жил зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр улсын хэмжээнд  “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн үйл ажиллагааг “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” уриатайгаар зохион байгуулж байна. Тус аяны нээлт энэ сарын 20-нд Баянхонгор хотноо болж, жолооч нар аяныг дэмжиж, нэгдэж оролцохоо илэрхийллээ.

Тус аймагт оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осол 63 бүртгэгдэж, 11 хүн амиа алдаж, 40 хүн гэмтэж бэртсэн байна. Урин дулааны улиралд осол хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдлыг судалж үзэхэд, дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлэн явснаас үүдсэн зам тээврийн осол зонхилж байгааг албаныхан хэлж байна.

“Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд олон улсын болон улсын чанартай авто замын хөдөлгөөнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж, нөлөөллийн аяныг зохион байгуулахөөр төлөвлөжээ.