"Роскосмос" эмэгтэй сансрын нисэгч бэлтгэхээр Монголтой хэлэлцэж буйгаа баталжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-06-21 10:43:08

МОСКВА. /TASS/. ОХУ-ын төрийн өмчит "Роскосмос" корпорац Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай Монгол Улсын эмэгтэй сансрын нисэгчийг дэлхийн тойрог зам руу илгээх боломжийн талаар хэлэлцэж байгаа тухайгаа даваа гарагт мэдээлжээ. 


"Одоогоор Монголын талын санаачилгаар “Роскосмос” корпорац, Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам сансрын салбарт Орос-Монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв, тэр дундаа Монголын эмэгтэй сансрын нисэгч бэлтгэх асуудлыг хэлэлцэж байна" гэж тус компанийн мэдээлэлд дурдсан байна. 


“Роскосмос”-ын тодруулснаар, тус корпорац эмэгтэй сансрын нисэгчийг бэлтгэх, илгээх боломжит хувилбаруудыг тодорхойлжээ. Талууд сансрын орон зайг энхийн зорилгоор судлах, ашиглах салбарт харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Санамж бичгийн төслийг Монголын талд дипломат сувгаар илгээжээ. "Одоо энэ санамж бичгийн төслийг Монголын тал хэлэлцэж байна" гэж “Роскосмос” мэдээлсэн байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын сансрын нисэгчидтэй уулзах үеэрээ Орос, Монголын хамтарсан нислэг зохион байгуулах яриа хэлэлцээ хийж байгаа талаар онцлон тэмдэглэсэн тухай өмнө нь МОНЦАМЭ агентлаг мэдээлсэн билээ.

Холбоотой мэдээ