Амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд 3000 тонн хог хаяж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-06-15 14:14:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Горхи-Тэрэлж орчмын бүс нутагт хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй осол гэмтэл, гэмт хэрэг зөрчил, байгаль орчны бохирдол нэмэгдэж байна.


Тодруулбал, амрагчид Горхи-Тэрэлжийн бүсэд жилд дунджаар 3000 тонн гаруй хог хаягдлыг ил задгай хаядаг. Энэ нь голыг ихээр бохирдуулж, усны нөөц багасахад хүргэж байна. Жишээлбэл, өнгөрсөн оны баяр наадмын үеэр тус бүсэд 90 мянга орчим аялагч 452 тонн хог хаясныг төрийн 74 ажилтан 88 удаа цэвэрлэж, тээвэрлэсэн байна.


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр тус бүс нутагт гарч буй гэмт хэрэг, зөрчил, байгалийн унаган төрх сүйдэж буйг хөндөж, анхаарах шаардлагатай байгааг холдбогдох албаныхан дурдлаа. Тухайлбал, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын даац хэтэрч, иргэд, аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаар авсан газраасаа илүү талбайг хашаалжээ. Мөн иргэд амралтын өдөр зугаалахаар гол дагаж буудалладаг. Үүнээс болж хог хаягдал, гэмт хэрэг, эрүүл мэндийн үйлчилгээ, онцгой байдлын дуудлага тасардаггүй аж. Налайх дүүрэг гэхэд 40 мянган хүн амтай ч энэ тооноос хоёр дахин олон хүнд үйлчилдэг байна.


Он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар Горхи-Тэрэлжийн чиглэлд 98 032 иргэн, 38 152 тээврийн хэрэгсэлтэй зорчоод байна. Аялагчид ил задгай бие засах, жуулчны баазууд стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон олноор барьснаар хөрсний бохирдол нэмэгдэж байна. Мөн тус бүсэд нам даралт болон энгийн зуух ашигладаг 73 аж ахуй нэгж, байгууллага агаарын бохирдолд ч сөрөг нөлөө үзүүлж байгаа аж


Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст 2021 онд гамшиг ослын 46 дуудлага ирж, 79 иргэний амь аварсан бол 9 иргэн харамсалтайгаар энджээ. Үүнээс 7 хүн усанд осолдож, 1 иргэн сураггүй болж, 1 иргэн амиа хорлосон ажДүүргийн ОБХ-ийн алба хаагчид усанд осолдсон 70, авто замын осолд өртсөн 7, ууланд төөрч, осолдсон 1, үер усны осолд өртсөн иргэнийг авран хамгаалжээ.

Холбоотой мэдээ