Хоригдлуудыг дадлагажуулах төмрийн цех байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-08 13:29:28

Хорих ангид ял эдэлж буй хоригдлуудыг мэргэжил эзэмшүүлэх, дадлагажуулах, орлогын эх үүсвэртэй болгох зорилгоор ШШГЕГ, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) хамтран 441 дүгээр хорих ангийг түшиглэн төмрийн цех байгуулах болжээ.

Цех байгуулах төслийн хэлэлцээрт өнөөдөр ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүү, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтчи нар гарын үсэг зурлаа.

Онц хүнд гэмт хэрэг хийсэн хоригдлууд хорих ангийн хашаанаас гадуур ажил хийх боломжгүй байдаг аж. Тиймээс ШШГЕГ-аас төмрийн цех байгуулж, хоригдлуудыг мэргэших, ажил хийх боломжоор хангах хүсэлтийг ТИКА-д уламжилсан бөгөөд тус байгууллага нааштайгаар хүлээн авч шийдвэрлэсэнд талархаж байгаагаа хурандаа Г.Туулхүү онцлов.

Төслийн хүрээнд ТИКА-аас 441 дүгээр ангид 60 сая төгрөгийн үнэ бүхий төмрийн цехийн тоног төхөөрөмж нийлүүлэх бол ШШГЕГ-аас байр, материаллаг баазаар хангах аж. Төмрийн цехийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Жилд дунджаар 50 орчим хоригдлыг ажлын байраар хангах боломжтой энэхүү цех ШШГЕГ-ын хэрэглээний төмөр эдлэлийг бэлтгэх бөгөөд ашгийн бус тул бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах төлөвлөгөөгүй байгаа юм.

Дашрамд дурьдахад ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад ял эдэлж буй хоригдлуудын 80 орчим хувь нь ажил хийдэг байна. Ингэхдээ ихэвчлэн улирлын чанартай буюу барилгын ажил хийдэг аж.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ