Сумдад ажиллаж байгаа төрийн алба хаагчдыг орон сууцжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-09 08:12:27

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг сумдад ажиллаж байгаа төрийн албаны боловсон хүчнийг тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангахад анхаарч байна.

Тэдэнд тулгардаг гол асуудал бол орон сууц юм. Тиймээс аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2022 оны жилийн төлөвлөгөөнд тусгагдсан “Сумдад орон нутгийн өмчийн орон сууцыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах” зорилтын хүрээнд орон сууцуудыг шинээр ашиглалтад оруулж байна.

Тухайлбал, 2019 онд Чойбалсан, Булган, 2020 онд Матад суманд тус бүр дөрвөн айлын орон сууц барьсан. Харин 2022-2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Гурванзагал суманд найман айлын, Чулуунхороот суманд зургаан айлын орон сууцны барилга барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, Гурванзагал суманд барилга барих ажлын гүйцэтгэгч шалгарсан бол Чулуунхороот суманд барих барилгын ажлын гүйцэтгэгч хараахан шалгараагүй байна гэж Орон нутгийн өмчийн газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ