ЕХ-ны орнууд ухаалаг төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч ашиглана

ДЭЛХИЙД | ТЕХНОЛОГИ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-08 11:43:35

БРЮССЕЛЬ. /Aljazeera/. Европын Холбоо /ЕХ/-ны гишүүн орнууд электрон хог хаягдлыг бууруулах зорилгоор 2024 оноос эхлэн гар утас, таблет, камер зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг нэг төрлийн цэнэглэгчтэй болгох шийдвэрийг мягмар гарагт гаргав.


Үүний дагуу 2024 оны эцэс гэхэд ухаалаг төхөөрөмжүүд "Type-C" төрлийн цэнэглэгч ашиглах шаардлагатай болж байна. ЕХ нь 450 сая хүн амтай бөгөөд хамгийн чинээлэг хэрэглэгчтэй зах зээлд тооцогддог тул уг шийдвэр нь дэлхийн ухаалаг төхөөрөмжийн зах зээлд нөлөөлж болзошгүй байна.


Гэхдээ шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдвэрлэгдсэн ухаалаг төхөөрөмжид хамаарахгүй байна. "Iphone", "Android" загварын гар утасны хэрэглэгчид "Lightning" болон "Type-C" гэх өөр өөр төрлийн цэнэглэгч ашиглахаас татгалзаж гомдол гаргасаар иржээ.


Европын Комиссоос 2019 онд хийсэн судалгаагаар, 2018 онд ухаалаг гар утасны хамт худалдаалагдсан цэнэглэгчийн 50 хувь нь "USB Micro-B", 29 хувь нь "USB-C", 21 хувь нь "Lightning" төрлийнх байжээ. 

Холбоотой мэдээ