Хатагин, Баргажин, Алтан дөрөө, Алтаргана наадмын тухай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-06-06 17:00:24

Дорнод /МОНЦАМЭ/. Энэ зун, намрын саруудад хатагин, буриад, барга, үзэмчин түмний их наадмууд болох гэж байна. Дорнод аймаг нь халх, буриад, барга, үзэмчин түмний өлгий нутаг гэгддэгээрээ онцлогтой. Тиймээс дээрх баяр наадмууд, үндэстэн угтсаатны талаарх үүх түүхээс хуваалцаж байна.  

Барга түмэн бол монгол угсаатны эртний нэгэн хүчирхэг аймаг байжээ. Барга аймгийг түүх шастирт байлдаанд баатар зоригтой, хүчирхэг түмэн хэмээн тэмдэглэн үлдээсэн нь бий. Бидний мэдэх "Монголын нууц товчоо"-нд Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гоогоос суут Алун гоо эх төрсөн тухай бий. Рашид-Ад-дины "Судрын чуулган"-д Хамаг Монголын Хабул хааны хүү Бартан баатрын гэргий баргуд аймгийн Сунигул гэгчээс Чингис хааны эцэг Есүхэй баатар мэндэлсэн тухай бичсэнийг үзвэл алтан ургийн дээд овгийн онцгой дээдэс барга эхээс мэндэлжээ. Үүнээс хойших түүхийн цаг хугацаанд ч барга түмэн Монгол Улсын нэгэн хүчирхэг аймаг байж ирсэн түүхтэй.

Хатагин овогтон Сүхбаатар, Дорнод аймагт олноор тархан суурьшсанаас гадна Хөвсгөл, Архангай, Завхан, Орхон аймагт цөөн тооны Хатагин овогтон бий. Хатагины овгийн гарал үүслийг тайлбарлахдаа: «Тэнгэрээс шар гэрэл гараад Алунгоо ээжийн хэвлийг илж, хөл хүнд болсноор Буха хатаги, Бухату салжу, Бодончар мунхаг төрдөг. Тэд бол яг тэнгэрээс заяатай гурван хүү нь юм». Монголын нууц товчоонд тэнгэр язгууртай гэж онцолж хэлсэн байдаг.

Харин үзэмчин ястнууд олон зууны тэртээгээс монгол төрөө дээдэлж, их эзэн Чингис хааныхаа эмээлийн дөрөөг сүлд шүтээнээ болгон тахиж, жил бүр хошуу хотлоороо цугларан агт морьдоо сэтэрлэх, эрийн гурван наадам хийх зэргээр хүндэтгэл үзүүлж ирсэн түүхтэй. Тийм ч учраас түүхийг сэргээх зорилгоор наадмыг “Алтан дөрөө” хэмээн нэрлэж, дуу хуур, урлагийн наадам, бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, үзэмчин сурын харваа, үзэмчний уламжлалт бөмбөг шагайн наадаан, үзэмчин хувцас загварын болон хос морьтон шалгаруулдаг. Үзэмчин ястнууд Дорнод аймгийн Сэргэлэн суманд төвлөрөн суурьшдаг.

Буриад түмний соёлын их наадмыг “Алтаргана” хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жил Орос улсын Чита хотын Агын тойрогт буриад түмэн баяр наадмаа тэмдэглэхээр зэхэж байна. Анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд “Буриад дууны уралдаан” нэртэйгээр анх болж байсан наадам өдгөө олон улсыг хамарсан буриадын ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болж өргөжжээ.

Холбоотой мэдээ