Литийн үнэ эрс өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-06 16:11:25

ТОКИО. /Kyodo/. Цэнэг хураагуур үйлдвэрлэхэд ашигладаг ховор металл болох литийн үнэ автомашин үйлдвэрлэгчдийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш тав дахин өссөн талаар Их Британийн “Argus Media” судалгааны фирмээс саяхан гаргасан тайланд мэдээлжээ.


Мөн кобальт, никель зэрэг цэнэг хураагууранд ашиглагддаг металлуудын үнэ өсөж байгааг онцолжээ. Цэнэг хураагуур нь цахилгаан тээврийн хэрэгслүүдийн нийт үнийн 30-40 хувийг эзэлдэг байна.


Эрэлт нэмэгдэж байгаагийн зэрэгцээ Орос Украин руу довтолсноос үүдэн литийн нийлүүлэлт тасалдсанаас үүдэн цахилгаан автомашины үнэ өсгөх төлөвтэй байгаа нь хэрэглэгчдийн худалдан авах боломжийг улам багасгаж, дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашины хэрэглээг бууруулах үйл явцыг удаашруулах хандлагатай байна.


Argus”-ын мэдээлснээр, цэнэг хураагуурын олон үйлдвэрлэгч Хятадад төвлөрсөн байдагтай холбоотойгоор ихэвчлэн юаниар арилжаалагддаг литийн нэг тонны үнэ өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 86 мянга орчим юань байсан бол одоо 486 мянган юаньд хүрч өсжээ. Мөн хугацаанд кобальтын үнэ 1.8 дахин, никелийн үнэ 1.5 дахин өссөн байна. Никелийн үнийн хувьд гол нийлүүлэгч ОХУ Украин руу довтолсны дараа эрс өсөж эхэлжээ.


АНУ-д “Tesla” компани энэ оны эхээр түүхий эдийн өндөр зардлыг хэрэглэгчдэд шилжүүлэхийн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн байна. Дэлхий дахин нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг бууруулах шаардлагатай тулгараад байгаа энэ үед автомашин үйлдвэрлэгчид цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэхийг зорьж байгаа нь гол түүхий эдүүдийн эрэлт хийгээд үнийг нь улам нэмэгдүүлэх төлөвтэй байна.


Toyota Motor” компанийн хувьд 2030 он гэхэд дэлхий даяар 3.5 сая цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалахыг зорьж буйгаа өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдсэн юм. Мөн “Honda Motor” 2030 он гэхэд жилийн цахилгаан тээврийн хэрэгслийн борлуулалтаа хоёр саяд хүргэх зорилт дэвшүүлсэн бол “Nissan Motor” тухайн он гэхэд ийм тээврийн хэрэгсэл бүх борлуулалтынх нь тэн хагасыг эзэлнэ гэж тооцоолж байна. Харин Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” Европт цэнэг хураагуурын хэд хэдэн үйлдвэр байгуулахаа мэдэгдээд байна.


“Хэрэв цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд шаардлагатай ховор металлууд хийгээд бусад түүхий эдийн үнэ өссөөр байвал ийм тээврийн хэрэгслийн үнийг 30 болон түүнээс илүү хувиар нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Энэ нь цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээ дэлгэрэхэд саад болж болзошгүй” гэж Японы “SMBC Nikko Securities” фирмийн ахлах шинжээч Тошихидэ Киношида ярьжээ.  


Цахилгаан тээврийн хэрэгслүүд нь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаггүй учир байгальд ээлтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж байгаа хэдий ч үнийн хувьд хос хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүдээс үнэтэй, мөн одоогоор бүтэн цэнэгээр харьцангуй ойрын зайд зорчих боломжтой байгаа юм. 

Холбоотой мэдээ