Шанхайн олон улсын кино наадам ковидын улмаас хойшлогджээ

ДЭЛХИЙД | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-06 15:56:34

ШАНХАЙ. /TASS/. Энэ сард  болох ёстой байсан Шанхайн олон улсын 25 дахь удаагийн кино наадмыг (SIFF) ирэх жил болгон хойшлуулсныг наадмыг зохион байгуулах хороо мэдэгдэв.


Кино наадмыг хойшлуулах болсон шалтгаан нь хоёр сар гаруй үргэлжилсэн хөл хорионоос дөнгөж энэ сарын 1-нээс гарч байгаа Шанхай хотын халдварын нөхцөл байдалтай холбоотой байна. Ирэх жилийн наадмын хөтөлбөрийн бэлтгэл ажил энэ оны хоёрдугаар хагасаас эхэлнэ гэж мэдэгдэлд дурджээ.


1993 оноос хойш зохион байгуулагдаж байгаа Шанхайн олон улсын кино наадам нь бүс нутгийн арга хэмжээ байхаа болиод удаж байгаа юм. Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Оливер Стоун, Карен Шахназаров зэрэг дэлхийн алдартай кино найруулагчид орж байжээ. Уг наадамд Ази төдийгүй дэлхийн кино урлагийн олон од хүрэлцэн ирдэг. Олон жилийн туршид энэхүү наадам нь Хятадын кино үйлдвэрлэлийн хөгжлийн гэрч болж, олон улсын солилцоо, соёлын хамтын ажиллагааны талбар болжээ.


Холбоотой мэдээ