Сутай хайрхан уулын хамтын менежментийн зөвлөл хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-03 15:02:29

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Төрийн тахилгат Сутай хайрхан уулын хамтын менежментийн зөвлөлийн хурлыг Говь-Алтай, Ховд аймгийн БОАЖГ-аас хамтран зохион байгууллаа.

Тодруулбал, Сутай хайрхан уулын хамтын менежментийн зөвлөлийн энэ удаагийн хурлыг тавдугаар сарын 30-нд Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулсан тухай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. Говь-Алтай, Ховд аймаг хамтран Сутай хайрхан уул, түүний орчны байгаль экологийг тэнцвэртэй хадгалах, түүх соёлын дурсгалт газруудад түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, биологийн олон янз байдлын амьдрах орчныг хэвээр хадгалан үлдээх зорилгоор хамгаалалтын асуудлыг зохицуулах зорилгоор менежментийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа аж. 

Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах тухай хуулиар байгалийн нөөц газар, дурсгалт газрын хамгаалалтыг сум, аймгийн Засаг дарга хариуцах зохицуулалттай бөгөөд тус аймгийн 5 нөөц газар, 1 дурсгалт газраас Ховд аймагтай хамтран менежментийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа анхны жишээ нь Сутай хайрхан уулын байгалийн нөөц газар юм гэдгийг мөн онцоллоо.

Хуралд Ховд, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, БОАЖГ-ын мэргэжилтнүүд, ГХБХБГ-ын албаны дарга, Дарви, Цэцэг, Тонхил, Дарви сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Мянган угалзатын нурууны Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны дарга, TNC олон улсын төсөл, "Мо Эн Ко" ХХК, нөхөрлөлүүдийн төлөөллүүд оролцлоо. Хамтын менежментийн зөвлөл нь 2021 онд 43 ажил хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн бөгөөд хэрэгжилтийн хувь 80,23 хувьтай дүгнүүлж,  2022 онд талуудын оролцоотойгоор хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.

Холбоотой мэдээ