Дэлхийн сүүний өдрөөр 10 мянган хүүхдэд сүүн бүтээгдэхүүн бэлэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-31 16:10:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш Дэлхийн сүүний өдрөөр тараг, зайрмаг, аарцыг Сүхбаатарын талбайд баяраа тэмдэглэхээр цугласан 10 мянган хүүхдэд бэлэглэнэ. 


Олон улсын Сүүний холбооноос “Дэлхийн сүүний өдөр”-ийг 2001 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нд уламжлал болгон тэмдэглэдэг.  Манай улс тус өдрийг 2016 оноос хойш сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ ач холбогдлыг сурталчлах, шинээр үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний төрлийг олонд таниулахаар тэмдэглэж байна.


НҮБ-ын ХХААБ-ын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал сэтгүүлчдэд мэдээлэхдээ, “ХХААБ сүү цуглуулах, хөргөх зэрэг анхан шатанд боловсруулах ажлыг эргэн сэргээхэд малчдыг дэмжин ажилладаг. Зөвхөн үнээний сүү гэлтгүй ингэний сүүг боловсруулах нь чухал. Хүүхдийн үдийн цай хөтөлбөрөөр дамжуулж сүүний хэрэглээг нэмэхийг зорьж байна” гэлээ.

Дэлхийн сүүний өдрийг угтаж Ази тивийн сүүний түншлэлийн “Ингэний сүү үйлдвэрлэл” олон улсын цахим хэлэлцүүлэг, Энэтхэг-Монголын сүүний салбарын цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ.



Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн Г.Ганхуяг ярихдаа, Манай холбоо малчид, фермерээс сүүг нь хандиваар аваад дотоодын үйлдвэрийн дэмжлэгээр боловсруулж сүүн бүтээгдэхүүн болгодог. Сүүний импортыг багасгахын тулд төр, ТББ, олон улсын байгууллага, хувийн хэвшлүүд хамтран ажиллаж байна. Тухайлбал, ХХААХҮЯ-наас сэрүүний улиралд сүү бэлтгэн нийлүүлсэн малчин, фермерүүдэд сүүний урамшуулал олгодог. Ингэснээр эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн сэрүүний улиралд бэлтгэн нийлүүлсэн сүү 23 хувиар нэмэгдсэн” хэмээсэн юм.

 

Холбоотой мэдээ