Г.Баянжаргал: Н.Энхбаяр даргад хүчээр өмгөөлөгч томилох оролдлого хийсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-05 15:24:58

АТГ-ын алба хаагчид МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж, байцаалт авчээ.

Энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Намайг баривчлах гэж ирсэн. Хоорондоо “Орж болохгүй байна, орж болохгүй байна” гээд яриад байсан нь баривчлах машинаа оруулах гэж байжээ. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн цугласан учраас энэ удаад өнгөрөөсөн байх. Шөнө, дөлөөр ирж баривчилж магадгүй. Би энэ олон камер руу сүүлийн удаа харж байж ч магадгүй юм.

Г.Шийлэгдамба телевизийн ярилцлагад ороод “Н.Энхбаяр дарга намайг дарамталсан” гэх ярилцлага өгч гүжирдсэн. Тэр мөнгө нь 50 мянган ам.доллар гэж байгаа. Би Г.Шийлэгдамбаас нэг ч төгрөг аваагүй" хэмээв.

Мөн тус намын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Баянжаргал, “Өнөөдөр АТГ-ын 20 орчим алба хаагчид намын байранд ирж, Н.Энхбаяр даргатай ганцаарчилж уулзсан. Мөн сэжигтэн, яллагдагчаар татаж байгаа тухай тогтоол танилцуулахаар оролдсоныг бид хүлээж аваагүй. Мөн ганцаарчилж уулзах үедээ гаднаас 3 эмч оруулахыг оролдсоныг зогсоосон. Сэжигтэн өмгөөлөгч авахдаа тухайн хүнтэйгээ уулзаж ярилцсаны эцэст гэрээ байгуулдаг. Гэтэл Н.Энхбаяр даргад албан хүчээр өмгөөлөгч томилох оролдлого хийсэн. Энэ үйлдлийг шууд эмчийн үзлэгт оруулаад баривчлах гэж байгаад бүтэлгүйтсэн гэж үзэж байна” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ