Ш.Дарханбаатар: Мод жилдээ үндсээ тэлж нутагшдаг

ФОТО
gereltod@montsame.mn
2022-05-30 15:48:07

Архангай /МОНЦАМЭ/. Утсаар ярьсаар өглөөний 9.15 цагийн үед Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн иргэн, өрхийн амьжиргааны мод үржүүлэгч Шаравын Дарханбаатарынд ирлээ. Хашааны том хаалга дэлгээтэй, оруут төмрийн төрлийн түүхий эд авдаг бололтой төмрийн хог эхэлж угтана. Гэхдээ эмх цэгцтэй харагдлаа. Лавхан алхвал хашааны зүүн талд гэр, баруун талд тарьсан модод харагдана. Хүнгүй мэт эзгүйхэн хашаан дотор мод үржүүлэгч Ш.Дарханбаатар гуайг хайвал хашааны баруун хойд талд улиасны харандаан суулгацыг шороонд суулгаж байсан шар цамцтай хүн болж таарав. Ингээд мэнд ус мэдэлцэн, өөрийгөө танилцууллаа. Ярилцлага эхлэхийн өмнө гучаад минут хөөрөлдөн, тарьсан модон дундуур нь явж, энэ тэр модыг сонирхон заавар, зөвлөгөө авч явлаа. Ярилцлага эхлэхээс дуусах хүртэл хугацаанд утас нь тасралтгүй дуугарч, мод авах хүмүүс ээлж дараалан ирсээр байв. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг дор сийрүүлье.    

 

-Таны бяцхан ойн зурваст орж ирсэн чинь үнэхээр гайхалтай санагдлаа. Та энэ ойн салбар луу ямар хүсэл, зорилгоор орчихов оо?

-Би 2017 онд байгаль орчны газарт ойжуулагчийн ажилтнаар орсон. Тэнд хоёр жил ойжуулагчийн ажил хийлээ. Тэндээс л модыг яаж тарьдаг, үрсэлгээ, тарьцаа ямар улиралд нь яаж авдаг, намар, хавартаа хэрхэн тарьдаг, яаж хамгаалдаг юм гэдгийг мэдэж, суралцаж авсан л даа. Манай мэргэжилтэн Баасансүрэн, байгаль хамгаалагч Нямдаваа гээд залуучуудаас их юм суралцаж авсан. Би өөрөө багадаа мал дээр өсч, байгаль дэлхийтэй харьцаж байсан хүн учраас мод тарих ажилдаа их хайртай болсон. Миний хобби юм даа. Түүнээс хойш зургаан жил болжээ.

-Энэ хашаан дотор хэдэн төрлийн мод байна вэ?

-Хашаан дотор таван жил болоход мод, тарьц, суулгац гээд нийлээд 17 төрлийн 2800 гаруй мод байна. Энэ жил шинээр 5000 шахуу суулгац тарих гээд бэлтгэсэн байна. Гэхдээ тарих газар алга. Үүнээс 3000-аад нь улиас, 1000 ширхэг нь бургас байна. Үхрийн нүд, монос, хайлаас зэрэг мод 600-гаад байна даа. Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ суулгацуудыг тарьж, бэлдсэн.


Үүнээс гадна би өөрөө модон дундаа амьсгалж явах их дуртай. Сайхан байдаг юм шүү дээ. Өглөө босоод модоо услаад, агаар амьсгалаад явахад их сайхан. Өглөө гарахад л нялх хүүхэд ус нэхэж байгаа юм шиг л санагддаг. Энэ хэдийг услачихаад явахад ажил их бүтэмжтэй байдаг юм. Хүмүүс ирэхээрээ “яасан сайхан зөв энергитэй юм бэ та” гэдэг. Би ургаж байгаа модоо хараад уурлаад байлтай нь биш тийм ээ. Байнга л инээдэг. 

-Бүгд ургаад бундуулаад ирэхээр баяр баясал төрөлгүй яахав?

-Харин тийм. Шилмүүст моднууд дандаа бундуйлж ургадаг. Зарим моднууд нь дэлбээлж, зарим нь доороосоо үндсээ хөөж ургадаг.

-Тарьц, суулгацаа суулгах газраа яаж олж авах вэ?

-Өөр газар л хайна даа.

-Таны энэ хашаа чинь хоёр айлын газар байна шүү дээ?

-Нэг газар нь айлын газар. Хоёр жил ашиглаж байгаа юм. Хол болохоор бас холдчихно оо. Хүмүүс ургачихсан яг бодит модоо хараад авах дуртай. Өнгөрсөн хоёр жилээс айл өрхүүд хашаандаа мод тарих их дуртай болсон. Жил ирэх тусам нэмэгдээд байна.

-Таны хашаанд хуш, шинэс, гацуур, үхрийн нүд, шархуайс гээд олон мод, олон янзын хэмжээтэй ургажээ. Хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?



-Шархуайс нэг настай бол 2000-3000 төгрөгөөр, хуш, шинэсний бага шиг нь 20000-аас эхэлнэ. Бүр 2-3 метр өндөртэй гацуур, хуш моднууд нь 120000 төгрөг болно. Мод үржүүлгийн том групп байдаг. Тэнд бид нар чинь хоорондоо мэдээллээ солилцож, суралцаж явна шүү дээ. Надад байгаа энэ моднуудыг Улаанбаатар, Өвөрхангай, Увс гээд дандаа өөр өөр аймгуудаас авч ирж нутагшуулж ургуулж байна. Надад мөнгө л байвал энд тэндээс мод, модны үрсэлгээ авчихдаг. Өчигдөр л гэхэд зуун мянган төгрөг шилжүүлээд, буйлс, голт бор хоёрын үрсэлгээг Улаанбаатараас захиад дөнгөж сая авчихаад байна. Бүр хоббитой. Өөр юманд мөнгө үрэхгүй шүү дээ.

-Саяын шинээр хэдэн ширхэг үрсэлгээ ирсэн бэ?

-Үхрийн нүд 500, гүйлс, буйлс 20, монос 100 ширхэг ирсэн. Ноднин намрын шинэ үрсэлгээ, суулгацууд бий. Үндсээ хөөгөөд гарч ирж байна лээ. Ирэх жилээс өөр газартай болчихвол алимны мод болон бусад жимсний төрлийн моднуудыг тарьж үзэх сонирхолтой байгаа. Ноднин голдуу гацуур, шинэс, хайлаас, улиас, шархуайс гэсэн мод тарьсан. Энэ жилээс гоёлын мод руу ороод байгаа. Ирэх жил жимсний төрлийн мод руу орох гээд л байна. Болох болохгүйг нь туршиж үзье. Ирэх жил манай аймгийн 100 жилийн ой тохионо. Айлууд хашаандаа мод тарих сонирхолтой болсон байна. Гэхдээ модыг аваад услаад хаях гэдэг нь мод тарьсан биш юм. Нэг сарын хугацаанд нялх хүүхэд арчилж байгаатай адил маллана. Тэгж байж мод ургаж, арчилгаа бага шаарддаг.

-Та мод арчлах энгийн аргаас хуваалцаач?

-Надаас мод авсан хүмүүст заавал зааварчилгаа өгдөг. Нүхээ 50 см ухаарай, доор нь шороог нь дэвсээрэй, модоо суулгачихаад эхлээд 50 литр ус хийгээд үндсийг нь сайн хөөлгөөд аваарай гээд. Цаг хугацаатай нь хэлж өгнө. 5, 10 литр ус хийгээд орхичихов. Чи өөрөө ам цангасан үедээ аяга дүүрэн цай уухад ямар дүүрэн, сайхан санагддаг билээ. Яг л түүн шиг шүү. Заавал 50 литр ус хийгээрэй гэж их захина. Мод жилдээ үндсээ тэлж, нутагшдаг.

Өнгөрсөн жил зургаан айлын хашааг мод тарьж, тохижуулж өгсөн. Энэ жил өөрөө шалгаж үзлээ. Ус дутаж, үхсэн модыг авч хаяад, өөр мод суулгаж өгсөн. Зарим нь бол сайхан ургасан байсан. Яагаад гэвэл бид хоорондоо итгэл хүлээлцэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор сайхан сэтгэлээр хүлээж авдаг. Өвөл дөхөөд ирэхээр 10 дугаар сард цэнэг усалгааг заавал хийнэ. Мод чинь амьд учраас хавар 4 дүгээр сар хүртэл унтана. 4 дүгээр сардаа сэрнэ. Тэр үед нь дахиад нэг цэнэг усалгаа хийчих гээд л.

-Танд мод тарих, услах, арчлах, тарьц, суулгацыг бэлдэх ажилд нь туслах хүн байхгүй юм уу? Намайг орж ирэхэд та ганцаараа л тарьцаа бэлдэж байсан?

-Байхгүй. Таван жил ганцаараа энэ ажлыг хийлээ дээ. Ядардаггүй, их кайфтай шүү дээ. Хүнээр юм хийлгэхээр сэтгэлд хүрдэггүй юм. Өглөө эрт босоод л энэ хэдэн модныхоо тэр нь яаж вэ, амьдарч байна уу, үхсэн байна уу гээд л шилмүүсийг нь харж, шалгаад явна. Амьд байгальтай харьцаж байгаа учраас гайхалтай.

-Таны хүүхдүүд хаагуур ажиллаж, амьдарч байна?

-Хоёр охинтой. Том охин маань өрх тусгаарлаад гарсан. Дараагийн охин маань оюутан. Ач зээ нар маань ирээд л надад тусална шүү дээ. Өглөө надтай зэрэгцэж босоод мод усална. Тэд мод тарих ухаанд суралцаж байна, байгалиа хамгаалж, хайрлаж, харьцаж суралцаж байна. Бас ажил хөдөлмөрт суралцаж байна шүү дээ.

-Таны эзэмшсэн үндсэн мэргэжил?

-Миний үндсэн мэргэжил статистик ч, эдийн засагч.

-Ой салбараас тэс өөр юм байна. Мэргэжлээрээ ажиллаж байв уу?

-Ажиллаж байсан. 1989 онд Санхүү, эдийн засгийн техникум төгссөн. Олон ажил хийсэн дээ. Статистикийн газар мэргэжилтэн, хөдөлмөр, нийгмийн хамгааллын газар нягтлан бодогч, байцаагч, брокерийн пүүст операторчин, брокер, зах зээлд орсны дараа Архангайн биржид менежер, сүүлдээ Улаанбаатар хотод үйлдвэрийн газруудад очиж ажилласан. Дараа нь Архангайн төмрийн үйлдвэрийн газар, "Хасу-Мандал" ХХК-д менежер, барилгын даамал гээд хийгээгүй ажил байхгүй. Сүүлд нь “ХАСУ” худалдааны төвийг барилцсан даа. Хамгийн сүүлд байгаль орчны салбар луу орсон. Ерөнхийдөө ажилласан газраасаа юм сурч, авч үлдэх их дуртай. Би чинь 1995 онд Батлах хамгаалах туслах нийгэмлэгийн тэргүүний ажилтан, 2013 онд Биеийн тамирын тэргүүний ажилтан, 2015 онд Санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан гээд салбар салбарын тэргүүний ажилтан болсон. Одоо ойн салбарын тэргүүн л үлдлээ дээ. /инээв/.

Модоо өглөөд услахдаа эцвэл эцэхээр усалдаг шүү. Агаар нь сайхан. Ядрахаа мэддэггүй. Өглөө 5,6 цаг гээд л аль нэг хэсэг модыг нь усалъя гээд гарч ирнэ. Тэгэхээр бүгдээрээ ам нь цангачихсан хүүхдүүд урдаас хараад байх шиг. Санаа зовоод бүгдийг нь усална даа.

-Танд олон мянган үрсэлгээ, тарьц суулгац байна. Хавар, намрын мод тарих үеэр аль нэг байгууллагатай хамтран ажилладаг уу? Өмнөх нь хашаан дотроо ургаад л байдаг. Ямар нэг эргэлтэд оруулахгүй болохоор танд газар дутагдалтай байгаа юм бишүү?

-Магадгүй тийм байх. Байгууллагатай хамтарна гэхээр НӨАТ нэхдэг. Надад НӨАТ өгөх юм байхгүй. Өрхийн хэмжээндээ мод тарьж эхэлсэн чинь одоо яалтчгүй зах зээлийн эргэлтэд орох болчихоод л байна. Мод маш их хөдөлмөр, хугацаа шаарддаг. 5-6 жилийн дараанаас л борлуулж эхэлж байна. Мод нь арвижаад ирэхээр газраа томруулах хэрэгцээ шаардлага байгаа. Би хоёр хувийн хүлэмжтэй. Болдогсон бол төслийг нь бичээд том хүлэмжийг нь авмаар л байдаг юм. Тийм юмаа би өөрөө сонирхохгүй болохоор төвөг төвөг гээд л орхино. Өөрийн бололцооныхоо хэрээр гарын доорх материалаар юмаа хийчихдэг. Миний ард байгаа 4х6-тай хүлэмжид шархуайс суулгахад л 2000 ширхэг орно шүү дээ. Одоо суулгацаа хийх гээд хөрсөө бэлдэж байгаа. Хөрс, шороо бэлдэх нь хүртэл нарийн шүү дээ.  

Модны хажуугаар хүнсний ногоо тарих гэхээр хүчрэхгүй юм билээ. Ганцаараа болохоор. Нарийн ногоо руугаа нэг гүйх, мод руугаа нэг гүйх нь чанга санагдаад байгаа. Аймагт намайг хүмүүс мэддэг болоод байгаа. Заримдаа мод авч байгаа айлд би өөрөө модоо суулгаад өгчихдөг. Гоё ургачихаар хүмүүс их дуртай.

Манай 7-р багийн иргэд дундаа нэг чаат групптэй. Түүнд иргэдийг мод таръя. Би очоод суулгаад өгье, жилийн хугацаанд арчлаад ургуулаад өгье гэдэг. Аймгийн зарын группүүдээр ч гэсэн тавина. Хүмүүс их дуртай шүү. Заавар зөвлөгөө авна. Одоо бол мод тарих хугацаа нь арай оройтчихлоо. Үндсээ хөөх, ургах хугацаа гэж бий. Одоо намианууд нь ургачихсан моднуудыг үндсээр нь суулгавал үхнэ. Харин хөрстэй буюу бортоготойг нь шилжүүлж суулгавал амьдарна.

-Хашаандаа зарахгүйгээр авч үлдэнэ гэсэн мод бий юу?

-Байна.Тарьсан модны төрөл бүрээс нь нэг нэгийг авч үлддэг. Одоо надад ганц хайлаас, хуш, гацуур гээд бусад төрлийн моднуудаасаа авч үлдсэн нь байгаа.


-Таны бас нэг хобби чинь гар шагайн харваа шүү дээ. Гучаад жил шагай харвалаа гэж ярилаа?

-1989 онд Цэргийн албанаас халагдаж ирээд Хотонт сумын 10 жилийн сургуулийн нягтлан бодогчоор анхны ажлын гараагаа эхэлсэн. Тэр сургуулийн багш нар одоо миний багш нар болно доо, долоо нйман багш шагай харвадаг байлаа. Тэдний дунд орж харваж, сурснаас эхлээд л одоог хүртэл нийт 33 жил шагай харвалаа. Миний анхны хобби. Хамгийн сүүлд 2022 онд аймгийн аварга шалгаруулах харвааны цуваа харваанд түрүүлж, алтан медаль хүртсэн. Сая үндэсний спортын их наадамд шинэ залуусыг баг болгож оролцоод дөрөвдүгээр байрт орсон. Одоо нас минь 60 дөхөж байна. Цаг хугацаа гэж хурдан юм. Хүүхэд залуучуудад өөрийн сурсан мэдсэнийг зааж өгөөд явж байна даа. Удахгүй тойром, аймгийн баяр наадам, ирэх жил аймгийн 100 жилийн ой болно. Эдгээрт бэлдээд л байна.

-Гарын шавьтай юу?

-Байлгүй яахав. Өнгөрсөн жил сургасан шавь маань надтай саяхан аймгийн нэг тэмцээнд орж, хүрэл медаль хүртээд бөөн баяр болсон. Отгон шавьтайгаа зэрэгцээд медаль хүртсэндээ шавиараа бахархаж байлаа. Миний шавь нар гээд 20 гаруй хүүхэд байна.

-Та шагайн харвааны ямар цолтой вэ?

-Аймгийн гоц мэргэн цолтой. 2013 онд цолны болзол хангаж байлаа. 33 жил харвахад аймагт дөрвөн түрүү, найман шөвөг авсан байдаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Мод нь улам арвижин ургаг ээ.