З.Мэндсайхан: Малчдын саасан сүүг бүрэн боловсруулахад 45 орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-27 19:01:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж, Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй ажлын талаар тавьсан асуулгын хариуг сонсов. 


Энэ талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. 


“Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг 2020 онд баталсан. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор 2020-2022 онд тухайн 11 дүгээр сарын 1-нээс дараа оны 3 дугаар сарын 31-нийг дуустал 10 сарын хугацаанд нийт 19.2 сая литр сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү тушаасан давхардсан тоогоор нийт 18,3 мянган малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд 9,5 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг 1 литр тутамд таван зуун төгрөгөөр тооцож олгосон гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан. 


Мөн тэрбээр мэдээлэлдээ, сүүний урамшууллыг олгосноор малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих замаар өвлийн улирлын сүүний нийлүүлэлт 20 хувиар нэмэгдэж, улмаар хүн амын ундны сүүний хэрэгцээг тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөл бүрдэж эхэлснийг тодотгоод Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдын өргөдөлд дурдсан Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг 4 дүгээр багийн 25 малчдын асуудлыг судлахад 19 нь мал эмнэлгийн гэрчилгээ аваагүй, 2 нь 2021 оны Үндэсний статистикийн хорооны мал тооллогын “А” дансны мэдээлэлд бүртгэгдээгүй, 1 малчин татварын е-баримтаар бүртгэгдэн баталгаажаагүй тул урамшуулал олгоогүй бөгөөд нөхөн олгох эрх зүйн үндэслэлгүй. Харин хугацаа хоцорсон гурван малчны асуудлыг шийдвэрлэж, урамшуулал олгосныг онцолсон.


Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 206 үйлдвэр, цех, 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 1600 гаруй хүн ажиллаж байна. Сүү боловсруулах салбарын суурилагдсан хүчин чадал жилд 400.0 мянган тонн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байна. Үйлдвэрт 2021 онд 205.4 сая литр шингэн сүү хүлээн авсан бөгөөд үүнээс 70 хувь нь дулаан, 30 хувь нь сэрүүний улиралд нийлүүлэгдсэн байна. Одоогийн байдлаар Монгол Улсын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 62,4 хувь байна. Мал аж ахуйгаас нийлүүлэх түүхий сүүний хэмжээ нь өвөл, хаврын улиралд хоёр дахин буурдаг тул төвлөрсөн хот, суурин газрын хүн амын хэрэгцээг энэ хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор зарим нэр төрлийн сүүн бүтээгдэхүүнийг импортын хуурай сүүний бүтээгдэхүүнээр орлуулж байна. 2022 онд нийт 10 аж аж ахуйн нэгжийн  3.6 мянган тонн  буюу 15.5 сая ам.долларын  хуурай сүү импортлосон байна. Хуурай сүүний 60 хувийг шингэн сүү, 35 хувийг сүүн бүтээгдэхүүн, 5 хувийг гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тус тус хэрэглэж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав.


Хуурай сүүний импортыг бууруулах зорилгоор дараах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Үүнд, өвлийн улиралд түүхий сүүний нийлэлтийг нэмэгдүүлж, импортын хуурай сүүний хэмжээг бууруулах зорилгоор сүүний урамшууллыг тогтмолжуулж хоёр жил олгосон. Сүүний чиглэлийн үхрийн ашиг шимийг нэмэгдүүлэх цөм сүргийг бүрдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлтэй зээлийн хөрөнгөөр сүүний  цэвэр үүлдрийн үхэр импортлох, нутагшуулах, бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлсэнтэй холбогдуулан сүү боловсруулах салбарт хадгалалтын хугацаа өндөртэй хуурай сүү, аарц, цөцгийн тосны үйлдвэр байгуулах аж ахуйн нэгжийн санаачлагыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжихээр төлөвлөн ажиллаж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сургуулийн “Үдийн хоол” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд өдөр бүр сүү, сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх дадлыг бий болгох, хэвшүүлэх санаачлагыг гарган ажиллаж байгааг З.Мэндсайхан сайд мэдээлэлдээ тодотголоо.


Монгол Улсад 2021 оны байдлаар  төсвөөс санхүүждэг 1034 мал эмнэлгийн үйлчилгээний 941 нэгжид  нийтдээ 3000 гаруй малын их эмч, мал зүйч ажиллаж байна. Нэг малын эмчид 48.2 мянган мал оногдож байгаа нь олон улсын дунджаас 5 дахин их үзүүлэлттэй байна. Эдгээр нэгжүүд “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын норматив”-ыг баримтлан малын гоц халдварт өвчин дэгдэхэд малд эмнэл зүйн үзлэг, тарилга, халдваргүйтгэл хийх, лабораторийн шинжилгээнд зориулан сорьц авах, дуудлага үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгааг салбарын сайд танилцуулгадаа дурдахын зэрэгцээ улсын хэмжээнд 2021 онд 367.5, 2022 онд 43.4 мянган ширхэг мал эмнэлгийн цахим гэрчилгээг иргэн, аж ахуйн нэгжид олгосон гэж байлаа.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ц.Туваан, Г.Ганболд, Н.Энхболд  нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс малын эмчийн ачаалллыг бууруулж, энэ салбарт боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмээний талаар тодруулахын зэрэгцээ 70 гаруй сая малтай улсын хувьд хэчнээн сая литр сүү ашиглагдахгүй орхигдож буйд тооцоо, судалгаа хийсэн эсэхийг лавласан. 


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариултдаа, мал эмнэлгийн боловсон хүчнийг Хөдөө аж ахуйн их сургуульд бэлтгэхээс гадна малын эмчийн мэргэжил эзэмших цаашдаа хувийн мал эмнэлэг байгуулахад санхүүгийн хувьд бие даасан үйлчилгээний шинэ зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг онцлоод өнөөдрийн байдлаар Сангийн сайдтай хамтраад малын тарилгын үйлчилгээний тарифыг баталж өгсөн нь томоохон дэвшил болсон. Цаашид хувийн мал эмнэлгүүд бие даагаад малын тарилга, үйлчилгээ хийн, гоц халдварт өвчинтэй тэмцээд явах боломж нөхцөл бүрдээгүй байна. Энэ нь мал эмнэлгийн боловсон хүчний асуудлыг зайлшгүй эргэн харах шаардлагайг харуулж байна гэв. 


Мөн тэрбээр, Энэ салбарт “Сүү” ХК, “АПУ” ХК-ийн сүүний үйлдвэр гэсэн хоёр компани тэргүүлж байна. Гэхдээ эдгээр нь үндэсний томоохон группын охин компаниуд. Сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийнхэнтэй уулзахаар сүүний бизнес дангаараа бие даагаад явахад хүндрэлтэй. Алдагдал, эрсдэл ихтэй учир том компаниа даган алдагдлаа хуваах зарчмаар явж, энэ салбарыг босгож байна гэж ярьдаг.  Салбарын яамнаас барьж буй бодлого бол цаашдаа томоохон сүүний үйлдвэрлэгчдээ дагаж, энэ салбарын үйлдвэрлэлийг босгох төлөвлөлтийг хийж байна. Эдгээр компаниуд одоогоор уламжлалт мал аж ахуйгаас бэлтгэж байгаа сүү боловсруулах чиглэлд 10 орчим малчдын бүлэг, хоршоог бий  болгосон байна. Дээрх хоёр үйлдвэртээ хоёр жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээл олгож, эргэлтийн хөрөнгөөр дэмжиж байна. Үйлдвэрүүд маань цаашдаа дор хаяж малчдын 30 бүлэг хоршоо байгуулж, зах зээлээ булаацалдахгүйгээр бүсчилэн хуваан авч, үйлдвэрлэлээ өргөжүүлбэл дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад, малчдынхаа саасан сүүг бүрэн боловсруулах боломж байна гэдгээ илэрхийлсэн. Мөн тоног төхөөрөмж, дэд бүтэц, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд 45 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоог гаргасан. Энэхүү санхүүжилтийг  шийдвэрлэхээр “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасан хэмээн хариулж байлаа.


Мэдээллийн төгсгөлд асуулга тавьсан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, сүүний урамшууллаас гадна сүүний чиглэлийн үхэр, эрчимжсэн мал аж ахуйтай холбоотой техник, тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх чиглэлд арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулав. Мөн Төв аймаг нь нийслэл хотынхныг сүүгээр хангаж ирсэн уламжлалтай бүс нутаг. Аймгийн хэмжээнд 5 тэрбум төгрөг байхад сүүний асуудлыг шийдвэрлэх боломж байна гэж хувийн хэвшлийнхэн өөрсдөө ярьж байна. Бид жилдээ 80 тэрбум төгрөгийг импортын сүүнд зарцуулж байна гэсэн мэдээлэл байдаг. Энэ хөрөнгөнөөс 5 тэрбум төгрөгийн зарцуулахад асуудлынхаа нэлээдгүй хувийг шийдвэрлэх боломж байна. Иймд цаашдаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудалд бодлого шийдвэрээ гарган хэрэгжүүлэхдээ энэ бүс нутгийг тусгайлан анхаарч үзэхийг мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр “Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн малын түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг иргэдэд ойлгомжтой, мөрдөхөд хялбар, хяналт тавихад  уян хатан болгож шинэчлэхэд анхаарч ажиллах  шаардлагатай гэсэн саналыг хэлсэн.

Холбоотой мэдээ