“Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын орон тоог өргөжүүлэн батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-27 17:18:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаанаар “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын үйл ажиллагааг өргөжүүлэх, хүүхэлдэйн театр ажиллуулах санаачилгыг дэмжин  бүтэц орон тоог 14 хүнээр нэмэгдүүлэхээр баталжээ

Тус хүүхдийн театр нь 2009 онд Хүүхдийн төлөө хэлтсийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, 2014 оноос Монгол Улсын Гавъяат жүжигчин, зууны манлай алдарт уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театр болон өргөжиж, мэргэжлийн 5 багш, мэргэшсэн 6 багш, нягтлан, нярав, бичиг хэргийн ажилтан, маркетингийн ажилтан гэсэн 16 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус театр энэ хичээлийн жилд уртын дуу, морин хуур, үндэсний хөгжим, язгуур урлаг, драм, бүжиг, уран зураг, эстрад дуу, цирк, уран нугаралт гэсэн 13 дугуйланг 30 төрлөөр хичээллүүлж, дугуйлангийн сурагчдын авьяас чадварыг нь хөгжүүлж баына.

Морин хуурын багшаар МУСТА, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбаяр, уртын дууны багшаар МУГЖ Ж.Дүнжмаа, язгуур урлагийн багшаар Төв Ази, Олон улсын өргөмжлөлт Монгол Улсын ерөөлч, магтаалт МУГЖ Х.Цэрэнчимэд, бүжгийн багшаар МУСТА  Б.Мөнхцогзол, дууны багшаар МУСТА  А.Давааням, хөөмийн багшаар Г.Намсрайжав нар ажилладаг ба тэдгээрийн тээж яваа соёлын биет бус өвийг хүүхэд багачууддаа өвлүүлэн, хөгжүүлэх зорилготой байгууллага юм. 





Холбоотой мэдээ