Хүүхдийн баярыг 500 хүүхдийн найрал дуугаар нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-27 15:12:55
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн соёл урлагийн хөтөлбөрийн талаар Соёл урлагийн газраас хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө. 

"Ковид-19" цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглээгүй. Тиймээс энэ жил хүүхэд бүрд хүртээмжтэй, сонирхолтой байхаар олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар бэлтгэлээ хангасан байна.  
Баярын үйл ажиллагаа 11.00 цагаас Амарын талбайд эхлэх бөгөөд Орхон аймгийн 500 хүүхэд “Эрдэнэтийн хүүхдүүд дуулж байна” найрал дуугаараа нээх юм. Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн урлагийн тоглолт болно. Мөн уран зураг, сагс зэрэг  олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулна. 
Баярын үйл ажиллагаа 14.00 цагаас “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”-д үргэлжлэх бөгөөд OPEN MIC, шүлэг, бүжгийн тэмцээн болох учир эцэг эхчүүд хүүхдүүдээ сонирхсон тэмцээнд оролцуулах боломжтой юм.

Мөн өнөөдөр аймгийн Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг "Хөх Монгол" цогцолборт зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ