Австралийн Ерөнхий сайд Э.Альбанезе – Амаргүй замнал ба амлалтууд

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2022-05-27 13:03:25

Өнгөрсөн даваа гарагт Австралийн хамгийн туршлагатай улстөрчдийн нэг болох Энтони Альбанезе ерөнхий сайдын тангараг өргөлөө. Түүний удирдсан зүүн төвийн үзэл баримтлалтай Лейборист нам сүүлийн 10 жилийн хугацаанд парламентын сонгуульд анх удаагаа ялалт байгуулснаар ийнхүү засгийн газрыг тэргүүлэхээр болсон юм.


Амаргүй амьдралыг туулсан Альбанезе


Өдгөө 59 настай хашир улстөрч Э.Альбанезе бага насандаа яггүй бэрх амьдралыг туулжээ. Итали, ирланд цустай түүний гэр бүл нийтийн байранд амьдарч, ээж Мэриэнн Эллери-гийн авдаг байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмжээр амь зууж байв.


Өөрт нь олдоогүй боломжийг хүүдээ заавал олгоно гэж зүтгэсэн эхийнхээ хайр халамж, дэмжлэгийн хүчээр Энтони гэр бүлийнхэн дотроосоо ганцаараа дунд сургуулиа амжилттай төгсөөд их сургуульд элсэн оржээ. Үзэл бодол нь төлөвшиж, улс төрд амжилт гаргахад  эхийнх нь олгосон хүмүүжил суурь болж өгсөн хэмээн Энтони байнга дурсан ярьдаг.   


40 нас гарсан хойноо Энтони хувийн мөрдөгч товчооны ажилтнуудын тусламжтайгаар Италид амьдардаг эцэг Карло Альбанезе ба эцэг нэгт ах эгч нарыгаа олж уулзсан байна.


Натан гэдэг нэг хүүтэй Энтони Альбанезе 19 жил ханилсан эхнэрээсээ салсан ба сонгуулийн сурталчилгаанд найз бүсгүй Жоди Хейдоны хамт оролцжээ.


Ташрамд сонирхуулахад, түүний Альбанезе гэдэг овгийг дуудахад англи хэлтэй австраличуудын хувьд амаргүй байдаг. Нэг удаа телевизийн хөтлөгч нэрийг нь хэрхэн зөв дуудах тухай асуухад “намайг зүгээр л Албо гэхэд болно” хэмээн Энтони хариулж байжээ. 


Өөрийнхөө үлгэр жишээгээр австраличуудыг урамшуулан зоригжуулж, тэдний эрх ашгийг эн тэргүүнд тавина гэдгээ Энтони амладаг.


“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж авдаг, өрх толгойлсон ээжийн хүү, нийтийн байранд өсөж торнисон миний бие өнөөдөр Австралийн ерөнхий сайдын хувиар та бүхний өмнө үг хэлж байгаа нь та бидний агуу эх орныг тодорхойлж байна. Та хаана амьдардаг, хэнийг хайрладаг, хэнийг шүтэн биширдэг, таны овог нэр хэн бэ гэдгээс үл шалтгаалан Австрали маань таны амьдралын замд ямар ч хаалт хязгаарлалт тавьдаггүй тийм улс орон хэвээр байгаасай гэж би хүсдэг”.


Залуучуудын байгууллагын гишүүнээс ерөнхий сайд хүртэл   


Альбанезегийн улс төрийн замналыг товчлон дурдвал, тэрбээр Сиднейн их сургуулийн эдийн засгийн факультетийн оюутан дөнгөж 20 настай оюутан байх үеэсээ зүүн төвийн үзэл баримтлалтай тус намын “Залуу лейбористууд” гэдэг залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлжээ.


Их сургуулиа төгссөний дараа Р.Хоукийн тэргүүлсэн лейбористуудын засгийн газрын яамны аппаратад ажиллаж эхэлсэн бол 1995 онд Шинэ Өмнөд Уэльс муж улсын засгийн газрын тэргүүний зөвлөх болжээ.


1996 онд тус муж улсын Грейндлер тойргоос парламентын доод танхимд сонгогдсон бол 2001 онд Лейборист намын “сүүдрийн засгийн газар”-ын гишүүнээр томилогдов.   


2007 онд лейбористууд сонгуульд ялсны дараа Кевин Радд-ын засгийн газарт Дэд бүтэц, тээврийн сайдын албан тушаал хашиж байжээ. Мөн 2013 онд Ерөнхий сайдын орлогчоор дэвшин ажилласан боловч ердөө 2 сар гаруйн дараа лейбористууд сонгуульд ялагджээ. 


Үүний дараа тэрбээр намын даргын албан тушаалд өрсөлдөв. Энтони намын жирийн гишүүдийн дунд нэр хүнд сайтай байсан хэдий ч түүний өрсөлдөгч Билл Шортен парламентын гишүүдийн дэмжлэгт түшиглэн намын даргаар сонгогдож, Австралийн сөрөг хүчний удирдагч болжээ. Хэдэн жилийн дараа Шортен сонгуульд дараалан ялагдаж, намын даргын суудлаа орхисноор 2019 оноос Энтони намаа удирдах болсон нь ерөнхий сайд болох эхлэл байлаа.


Улстөрчийн замналынхаа өнгөрсөн 40 жилийн хугацаанд тэрбээр эрүүл мэндийн салбарын үйлчилгээг үнэ төлбөргүй болгох, ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг хамгаалахыг дэмждэг гэдгээрээ олон нийтэд танигдсан хүн юм. Мөн үр хөндүүлэх эрх ба сайн дураараа эвтанази хийлгэх эрхийг  дэмждэг. Эвтанази гэдэг нь эдгэршгүй өвчин туссаны улмаас тэсэхийн аргагүй өвдөлтийг мэдэрч буй хүний зовиурыг эцэс болгохын тулд өөрийнх нь хүсэлтээр үхүүлэхийг хэлдэг байна.


...Цагаачлалын асуудлаарх Австрали улсын бодлого хатуу талдаа бөгөөд завиар далайг гатлан тус улсад нэвтэрсэн цагаачдыг ирсэн газар руу нь шууд буцаах нь зүйтэй гэж үздэг. Э.Альбанезе өмнө нь ийм бодлогыг шүүмжилдэг байсан бол харин одоо дэмжих болжээ. 


Лейбористуудын байр суурь ба амлалтууд


Шинэ ерөнхий сайд сонгогчиддоо хандан “ая тухыг алдагдуулахгүйгээр тайван замаар өөрчлөлтүүдийг” хийнэ гэдгээ амлажээ. Түүний ярьснаар, 2013 оноос хойш засгийн эрхэнд байсан консерватив Либерал-үндэсний эвслийн нөлөө суларснаар дээрх өөрчлөлтүүдийг хийх гэнэ.


Өмнөх ерөнхий сайд Скотт Моррисон зарим салбарт “бульдозер” шиг ажиллаж байсан бол Энтони “барилгачин” мэт ажиллана гэдгээ хэлж байна.


Тэрбээр лейборист үзэл санаандаа үнэнч хэвээр үлдсэн бөгөөд өндөр настнуудыг асрахад зориулсан санхүүжилтыг нэмэгдүүлэх, боловсруулах аж үйлдвэрийн салбарыг сэргээх зэрэг амлалтыг өгчээ.

Түүнчлэн парламентад уугуул иргэдийн дуу хоолойг Үндсэн хуульд тусгах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаа амлав. Уугуул иргэд ба Торресийн хоолойн арлуудын оршин суугчдын эрх ашгийг хөндсөн бодлогыг боловсруулахад тэдний дуу хоолойг тусгана гэдгээ лейбористууд амлаад байгаа юм.  


Энтони Альбанезе бол хүлэмжийн хийн хаягдлыг эрчимтэйгээр бууруулахад чиглэсэн бодлогыг боловсруулахыг дэмждэг хүн. Юуны түрүүнд эрчим хүчний салбарыг шинэчлэх шаардлагатай бөгөөд үүнд 24 тэрбум доллар зарцуулах тооцоо гарчээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дундаж өрхийн цахилгаан эрчим хүчинд зарцуулж буй мөнгийг 3 жилийн дараа гэхэд 275 доллароор бууруулах юм.


Хэрвээ Австрали улс нүүрсхүчлийн хийн хаягдлыг 0 болгох стратегийн бодлогыг хэрэгжүүлэхгүй бол тус улсын гадаад өр нэмэгдсээр 2050 он гэхэд өрийн дефолт зарлаж магадгүй гэж шинжээчид таамаглаж байгаа аж.  Учрыг тайлбарлавал, санхүүгийн зах зээл дээр “ногоон” трэнд давамгайлснаар хөрөнгө оруулагчид экологийн цэвэр төслүүдэд мөнгөө оруулах сонирхолтой болно. Ийм цаг үед Австрали улс нүүрс олборлох салбараа дэмжсээр байх аваас австраличуудыг “уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлээс ухрагч” гэж үзэх тул үүний улмаас гадаадын хөрөнгө оруулалт зогсож, гаднаас авах зээлийн өртөг нэмэгдэнэ.   


Гадаад бодлогын тухайд, шинэ ерөнхий сайд албан тушаалаа хүлээн авсан даруйдаа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний механизмд /QUAD/ оролцогч талуудын дээд хэмжээний уулзалтанд оролцохоор Токиог зорьсон. Түүний онцлон тэмдэглэснээр, “Quad”-ын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Австрали улсын гадаад бодлогод гол байр суурийг эзлэх болно. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүс нутгийн улс орнуудын хийж буй тэмцэл, экологид ээлтэй цэвэр эрчим хүчинд шилжихэд чиглэсэн тэдгээрийн хүчин чармайлт, кибер аюул заналын эсрэг тогтвортой байдлыг хангах явдлыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Үүний сацуу Э.Альбанезе хэлэхдээ “Канберра, Бээжин хоёрын харилцаа ээдрээтэй хэвээр байгаа энэ үед шинэ засгийн газар улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих ба бид өөрсдийн үнэт зүйлсийг хамгаалах ёстой” гэж мэдэгдэв.  2020 онд Австралийн эрх баригчдын зүгээс цар тахал дэгдсэн уг шалтгааныг олж тогтоохын тулд олон улсын шинжээчдийн багийг Хятадад ажиллуулахыг шаардсан нь Бээжингийн дургүйцлийг төрүүлсэн билээ. Үүний хариуд Хятад улс Австралиас нийлүүлдэг түүхий эдүүдийг худалдан авахаа зогсоов. Улмаар энэ онд БНХАУ ба Соломоны арлууд Аюулгүй байдлын гэрээ байгуулсан нь байдлыг улам ээдрээтэй болголоо.   


...Цар тахлын үеийн хөл хорионы улмаас Австралийн муж улсууд ба хотууд бие биенээс тусгаарлагдсан байсан бол одоо улс орныхоо нэгдмэл байдлыг сэргээх нь Австралийн шинэ удирдагчийн гол зорилт болжээ. “Би австраличуудыг нэгтгэхийг зорьж байна. Айдас хүйдэс, санал зөрөлдөөн бус харин нэгдмэл байдал, өөдрөг үзэл бодол давамгайлах ёстой” гэж Энтони Альбанезе сонгуулийн ялалтаа тэмдэглэн үг хэлэхдээ онцоллоо.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: bbc.com, regnum.ru

Холбоотой мэдээ