Ц.Батсугар: ТББ-уудын үйл ажиллагааны эрсдлийг тодорхойлох шаардлага байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-27 11:18:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Холбооны тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатанд байна.  Дээрх хуулиудын талаар Иргэний нийгмийн консерциумын гишүүн, судлаач Ц.Батсугартай ярилцлаа. Түүнээс ТББ-ын эрх зүйн зохицуулалтын талаар сүүлийн 2 жилд хийсэн судалгаа, шинжилгээний ажлын талаар тодруулж байна.

-Хуучнаар ТББ-ын тухай, шинээр Холбоо, сангийн хуулиар чухам юуг яаж шинэчилж өөрчлөх гэж байна вэ?

-ТББ-ын тухай хуулийг манай улсад анх 1997 онд баталж гаргасан. Ингэснээр ТББ-ууд их байгуулж эхэлсэн. Нэг ёсондоо иргэний нийгмийн байгууллагууд байгуулагдаж хөгжөөд 20 гаруй жил болжээ. Үүнээс өмнө иргэний нийгмийн байгууллагуудад зориулсан хууль байгаагүй юм. Ардчилал хөгжсөн орнуудтай харьцуулахад манай улсад иргэний нийгмийн салбар харьцангуй залуу, энэ утгаараа тамиржиж хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд ТББ-уудын боловсон хүчин, үйл ажиллагааны чадавхиас аваад асуудал олон гарч ирсэн.

Өнөөдөр ТББ-уудын тал хувь нь үйл ажиллагаа явуулахгүй байна. Судалгаагаар 60 гаруй хувь нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахад тулгарч буй бэрхшээлээр санхүүжилт дутмаг байгааг хэлсэн. 80-90 гаруй хувь нь ямар ч хуримтлалгүй, санхүүжилт нь зогсвол үйл ажиллагаагүй болох эрсдэлтэй байгаа нь гарсан. Жилдээ 50 хүртэлх сая төгрөгийн орлоготой, түүгээрээ нийтэд тустай үйл ажиллагааг чадан ядан явуулж байна. Захиргааныхаа зардлыг ч бүрэн дааж чадахгүй нөхцөл байдалд байна.




Санхүүжилтаас гадна ТББ-уудад засаглал, хүний нөөц дутмаг байна. Үүнээс болж нийгмийн шаардлагад хүрч ажиллаж чадахгүй байгаа явдал бий. Гэхдээ нөгөө талаар зарим нэг улстөрчийн яриад байгаа шиг гаднаас санхүүжээд, мөнгө угаагаад байгаа юм байхгүй байх. Энэ нь улстөрчдийн үзэж байгаа шиг тийм том цар хүрээтэй байгаа гэж бид харахгүй байгаа. Ер нь бол манай ТББ-уудаас хэдэн нь үнэхээр мөнгө угаах ажиллагаанд ашиглагдаад яваад байгаа эсэх, бусад хориотой болон эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоод яваад байгааг гаргаж ирсэн тооцоо судалгаа манай улсад алга байна.

-Олон улсад иргэний нийгмийг хэрхэн яаж зохицуулдаг юм бэ?

-Олон улс дахь зохицуулалтын зарчим нь юунд байдаг гэхээр эхний ээлжинд ТББ-ын, олон нийтийн байгууллагын асуудал нь ямар түвшинд яваа эрсдлийг тодорхойлон гаргаж ирдэг. Түүнээс давахгүй, хэтийдсэн биш, эрсдэлтэйгээ тохирсон арга хэмжээг аваад явдаг. Гэтэл манайд эрсдэл байна гэдэг боловч тэр нь үнэхээр бий эсэх, том жижиг үү гэдгийг тодорхойлж хэлэхгүйгээр ерөнхийд нь эрсдэлтэй байна гэж үзээд улаан шугам татаж байгаад бүгд эрсдэлтэй мэтээр нийцүүлэх гээд байдаг дутагдалтай. Энэ бол буруу.

Яагаад гэвэл ТББ-ууд манайд хөгжихдөө олон янз хэлбэрээ, олон төрлөөр, олон салбарт гарч ирсэн. Хэмжээгээр ч тэр жижиг, том янз бүр байна. Манайд энэ олон янз байдалд нь тохирсон ялгаатай зохицуулалтыг багтаасан эрхзүй хэрэгтэй байна. Ийм зохицуулалт нь өөрөө илүү хүртээмжтэй, тэгш оролцоог хангасан байх юм. Нэг ижил шаардлагыг бүгдэд тавьж болохгүй. Ийм зохицуулалт буруу юм.





Одоо УИХ дээр хэлэлцэх шатандаа байгаа Холбоо, Сангийн хуультай холбоотой үүсч болох хамгийн том эрсдэл нь эвлэлдэн нэгдэх эрхэд халдахгүй байх явдал юм. Эвлэлдэн нэгдэх эрх нь байгууллага байгуулаад дуусч буй үйл явдал биш. Энэ нь ТББ байгуулаад, үйл ажиллагаа явуулж эхлээд, дараа нь санхүүжилт олоод, түүнийгээ тайлагнаад, үйл ажиллагаа дуусах хүртэл хэрэгжээд явж байдаг эрх зүй юм. Олон улсын хандлага нь ийм байна. Үйл ажиллагааны дээрх бүх шатанд эрсдэл үүсч болно. Тиймээс хамгийн түрүүнд ТББ-ыг бүртгэхдээ тодорхой шаардлагуудыг тавих хэрэгтэй. Ингээд эхлэхээр одоо үйл ажиллагаа явуулж буй олон байгууллага тэр шаардлагад хүрч чадахгүйгээр татан буугдах, ялангуяа орон нутагт, алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудад ийм байдал тулгарна. Бас нэг эрсдэл нь манайд ТББ-уудад төрийн зүй бус оролцоо, нөлөө нэмэгдэх магадлал өндөр байдаг.

Ер нь иргэний нийгмийн байгууллага гэдэг иргэдийн орон зай юм. Энэ нь төрөөсөө хараат бус, бие даасан, төрийн нөлөөнд үл автагдах байдлаар иргэд өөрсдийн эрхээ хэрэгжүүлээд явах орон зай юм. Манай улстөрчид энд улстөрийн нөлөөг бууруулна гэж яриад байгаа. Үүнийгээ хэрэгжүүлээсэй гэж хэлмээр байна.

-Одоо яригдаж буй ТББ-ыг Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар өөрчлөх өөрчлөлтийг нийгэм хэр хүлээн авч байна вэ? Нийгэм, олон нийт ТББ, Холбоо, Сангийн ялгааг ойлгож байна уу. Нэг бол мэргэжлийн холбоод байх юм уу гэсэн байдлаар хараад байх шиг. Үүний ялгааг тодруулж хэлнэ үү?

-Хуучин хуулиар бол ТББ-уудыг нийгэмд болон гишүүддээ үйлчилдэг гэж хоёр төрлөөр бүртгэдэг байсан. Сүүлд Иргэний тухай хуульд өөрчлөлт оруулаад ашгийн төлөө бус хуулийн этгээд нь “Холбоо”, “Сан”, “Хоршоо” байна гээд заасан. Энэ өөрчлөлтөө Иргэний тухай хуультайгаа нийцүүлэх гээд одоо Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн тухай хуулийг гаргах гэж байна. Хуулийг өөрчлөх гэж буй нэг шалтгаан нь энэ байх. Гэхдээ Иргэний тухай хууль нь иргэний орон зай, иргэний нийгмийнхээ суурь зарчмыг бүрэн тусгаагүй хэмээн судлаач, мэргэжилтнүүд үзэн шүүмжлэлтэй хандаж байна.

Одоо гарч ирэх Холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар холбоо нь гишүүддээ үйлчилдэг ТББ шиг байх. Сан нь болохоор нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүйгээр зохицуулах юм шиг ойлголт төрөөд байгаа боловч яг сонгодог утгаараа бол холбоо гэдэг нь гишүүнчлэлийн бодлоготой, эвлэдэн нэгдээд бүх гишүүдийн хурлаараа үйл ажиллагаагаа удирдан чиглүүлдэг байгууллага байдаг. Сан нь болохоор хөрөнгө төвлөрүүлэх замаар нийтэд тустай үйл ажиллагаа эрхлэх байгууллага юм. Гэтэл ТББ-д хөрөнгө төвлөрүүлэх зайлшгүй шаардлага тавигддаггүй. Янз бүрийн эх үүсвэрээр хөрөнгө босгон нийтэд тустай үйл ажиллагаа явуулж болдог. Энэ нь хандив, гадны байгууллагын зээл тусламж байж болдог.




Гэхдээ эргээд харахад одоогийн манай ТББ-ууд хязгаарлагдмал санхүүжилт, нөөц бололцоогоороо нийгэмд ашигтай, үр нөлөөтэй ажиллаж байгаа нь судалгаагаар гарсан. Жишээ нь, судалгаанд оролцсон 680 гаруй ТББ 3 жилийн хугацаанд 700 гаруй мянган хүнд хүрч үйлчилжээ. Энд сургалт, сурталчилгаа, нийгмийн үйлчилгээ зонхилон багтаж байна. Энэ бол багагүй тоо. Үүнийг ямар хүч нөөц бололцоогоор хийж байна гэхээр иргэд иргэний нийгмийн байгууллагад итгэн дэмжиж, үйл ажиллагаанд нь сайн дураар их оролцож байна гэсэн үг. Судалгаагаар иргэдийн 60 гаруй хувь иргэний нийгмийн байгууллагад итгэдэг гэж гарсан. ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагуудын үр нөлөө, үнэт зүйл нь олон нийтийн оролцоогоор гарч ирж байна. Тиймээс иргэний орон зайг хумьсан аливаа нэг арга хэмжээ, үйл ажиллагаа, хуулийн заалт, зохицуулалт байж болохгүй гэдэг нь үүгээр харагдаж байна. 

Холбоотой мэдээ