Монголын cууц өмчлөгчдийн холбоодын их хурал боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-26 16:14:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ)-ийн X их хурал өнөөдөр боллоо.



МСӨХДЗ төрийн бус байгууллага нь НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба (УБЗАА), нийслэлийн холбогдох байгууллагатай СӨХ-ны үйл ажиллагааг сайжруулах, иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.

Тухайлбал, “Манай хороо-миний гудамж” аяныг зохион байгуулж, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгийг сайжруулахад анхаарч байна. Мөн зөвлөлөөс НЗДТГ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (GIZ), “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” хамтран “Угсармал орон сууцны дулаан алдагдлыг багасгах төсөл” хэрэгжүүлж буй талаар төлөөлөгчдөд танилцууллаа.


Энэ талаар МСӨХДЗ-ийн гүйцэтгэх захирал М.Галбаатар “Төслийн хүрээнд 1077 блок барилгыг дулаалах шаардлагатай судалгаа бий. 2021 онд 96 байрыг дулаалсан бол энэ онд 42 барилгыг дулаална. НЗДТГ, Беларусь Улсын “Могилёвлифтмаш” компанитай хамтран 180 цахилгаан шатыг шинэчлэхээр төлөвлөөд байна” гэв.   


1999 онд байгуулагдсан МСӨХДЗ-ийг байгуулан 23 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл нь СӨХ-ны зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тодорхойлох, иргэд, оршин суугчдыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах, нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулах үүрэгтэй.


Улсын хэмжээнд 1600 гаруй СӨХ байдгаас нийслэлд хотод 1300 орчим нь үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 905 СӨХ тус зөвлөлд нэгдсэн байна. 


МСӨХДЗ үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөхөөр СӨХ-дын үйл ажиллагааг дэмжин, санхүүгийн чадамжийг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий 6 алба байгуулжээ. Тэдгээрээр дамжуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, шинэчлэлийн нэгдсэн бааз, мэдээллийн санг үүсгэх, санхүү, хуулийн зөвлөх үйлчилгээ зэрэг төрөлжсөн үйлчилгээг СӨХ-үүдэд үзүүлэх аж.


Хуралд тус зөвлөлийн ерөнхийлөгч Ц.Төрхүү, гүйцэтгэх захирал М.Галбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Дээд зөвлөлд 402 төлөөлөгчтэй бөгөөд хуралд 384 нь оролцлоо. 

Холбоотой мэдээ