Сул чөлөөтэй 617 ажлын байрыг олон нийтэд танилцуулж зуучилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-26 14:58:48

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хамтран “Нээлттэй ажлын байрны өдөрлөг” зохион байгуулж байна. 

Өдөрлөгт 57 байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 617 сул чөлөөтэй ажлын байрыг олон нийтэд танилцуулж, зуучлах аж. Тэдгээрээс дээд боловсрол шаардлагатай сул чөлөөтэй 99, мэргэжил харгалзахгүй 362 ажлын байр байгаа юм. 

Өдөрлөгийн үеэр идэвхтэй ажил хайгч иргэдийг сул чөлөөтэй ажлын байранд бүртгэх, зуучлахаас гадна  залуучуудыг “Оролцоо” төсөл болон тэдний гарааны бизнесийг дэмжих “Startup" арга хэмжээнд бүртгэх мөн хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, нийгмийн халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа.  

Говь-Алтай аймгийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагадсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх тухай аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Мөнхжаргал танилцууллаа.

-“Газар тариалан, жимс жимсгэнэ” үйл ажиллагааны хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар 560 ажлын байр, 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 108 сая мод тарьж ургуулах ажилд иргэдийг оролцуулах замаар 140 ажлын байр,

-Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд орон нутгийн байгаль, нийгэм, эдийн засгийн онцлогт түшиглэсэн зорилтот аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар 100 ажлын байр,

-Сумын төвийн шинэчлэл-Хөдөөгийн хөгжил үйл ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах, орон сууцжуулах,  нийтийн аж ахуйн үйлчилгээг хөгжүүлэх замаар 150 ажлын байр,

-“Иргэн бүрт орлого-Өрх бүрт өсөлт” үйл ажиллагааг зохион байгуулж нийтдээ 1000-аас доошгүй байнгын ажлын байрыг шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшнийг жил бүр 0,5 хувиар бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд  хамрагдсан өрх, иргэний тоог 30-50 хувиар нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж буй ажээ. Энэхүү зорилтын хүрээнд 2021 онд аймгийн хэмжээнд түр 308, улирлын шинжтэй 168, байнгын 617 нийт 1093 шинэ ажлын байр бүртгэж, “Газар тариалан, жимс жимсгэнэ” төслөөр сайн дурын 6-7 хүний бүрэлдэхүүнтэй 42 бүлэг байгуулан 320 тариаланчийн ажлын байр баталгаажсан байна.

Харин 2022 оны эхний таван сарын байдлын талаар ажил идэвхтэй хайж буй 844 иргэн бүртгүүлсний 384 буюу 45,2 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 421 буюу 49,8 хувь нь 15-34 насны иргэд эзэлж байна хэмээн аймгийн ХХҮГ-аас танилцууллаа.  


Холбоотой мэдээ