Яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 12:02:09

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 03-нд болж, дэд сайд нарын томилгоог хийснээс гадна яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагуудын дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ.

Засгийн газрын хуралдааны үеэр АТГ-аас дэд сайдад нэр дэвшсэн 13 хүний 10-ынх нь материалыг шалгаж ирүүлжээ. Үлдсэн 3 хүнийх нь материал ажлын цагт багтаж ирээгүй тул дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, томилохоор төлөвлөж байгааг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Г.Отгонбаяр хэллээ.

Тэрээр, “Хуралдаанаар  Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа,  Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж,  Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга,  Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр,  Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн,  Эрүүл мэндийн дэд сайдад Л.Бямбасүрэн,  Хөдөлмөр нийгмийн хамгаалалын дэд сайд Б.Мөнгөнчимэг,  Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр нарыг томилж, өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг чөлөөлсөн.

Түүнчлэн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг томилжээ. Бусад яамдын Төрийн албаны зөвлөлөөр сонгон шалгаруулалт хийлгэж, томилох болно. Үлдсэн 3 дэд сайд болон Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоотой холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдах магадлалтай байна. Учир нь Ерөнхий сайдын зүгээс төрийн албаны тасралтгүй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор томилгоонуудыг шуурхай хийхийг зорьж байгаа” хэмээв.

Мөн хуралдаанаар МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, ГТЕГ-ын дарга С.Пүрэв, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, ИХШХЕГ-ын дарга Д.Болд, УБСЕГ-ын дарга С.Мэндсайхан, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Хөрөнгө оруулалтын ерөнхий газрын дарга С.Жавхланбаатар, ХТҮГ-ын дарга Э.Одбаяр нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ