Байгаль эх дэлхийн ховор ан амьтдын үзэсгэлэнг иргэдэд толилуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-19 15:19:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын Музейн өдрөөр Дундговь аймгийн музей “Байгаль эх дэлхийн ан амьтад” үзэсгэлэнг анх удаа нутгийнхаа иргэдэд толилуулж байна.

Байгалийн түүхийн музейд байдаг дэлхийд болон Монгол оронд ховордсон ан амьтдын үзмэрийг орон нутагтаа авчран иргэдэд үзүүлэх санаачилгыг гаргасны дагуу Байгалийн түүхийн музейн захирал И.Будбаяр, тус музейн сан хөмрөгийн албаны дарга Ж. Мяндас нар Дундговь аймагт ирж, үзмэрүүдээ хүлээлгэн өгчээ.

Тус үзэсгэлэнд Монголд ховордсон махан идэшт, цоохор ирвэс, хар чоно, баавгай, туруутан амьтдаас зэрлэг гахай, хүдэр алтайн болон хээрийн тарвага, тул загас, халим зэрэг амьтдын үзмэр байна.

Харин дэлхийд ховор амьтдаас Африк болон Энэтхэг улсад байдаг арслан, сармагчин, имж, лам гөрөөс, эрээн тахь, нүүдлийн болон дайран өнгөрдөг 6 зүйлийн 10 гаруй төрлийн шувуу пенгвин зэрэг амьтдыг үзэсгэлэнд дэлгэн үзүүлж байгаа бөгөөд эдгээр үзмэрүүд нь Байгалийн түүхийн музейн үнэт үзмэрт тооцогддог ажээ.

Аймгийн Музей иргэдэд эдгээр ховор ан амьтдын үзэсгэлэнг дэлгэн үзүүлэхээс гадна тэдгээрийн онцлог, амьдрал, үзмэрийн эх сурвалж зэрэг сонирхолтой мэдээллийг тайлбарлан таниулж байна.

Байгалийн түүхийн музейн эдгээр үнэт үзмэрүүдийг үзэж, өөрсдийн мэдлэгийн хүрээгээ тэлэхийг хүссэн хэн бүхэнд үзэсгэлэнгийн үүд хаалга нээлттэй. Түүнчлэн VR төхөөрөмжөөр амьтдыг харуулах үйлчилгээг ч үзүүлж байна. Үйлчилгээний төлбөр 2000 төгрөг. Үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл аймгийн Музейд байрлана. 

Холбоотой мэдээ