Хотуудын хурдацтай хөгжлийг даган байгалийн гамшиг нэмэгдэж байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-04 10:43:00

“Хотын эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, чиг хандлага”  сэдвийн дор болж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум өнөөдөр нээлтээ хийлээ.

Форумыг бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын санаачилгаар 2014 оноос зохион байгуулах болсон. Форумын үеэр байгаль орчинд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх, дэлхийн дулаарлын эсрэг хамтран тэмцэх асуудлыг голлон хэлэлцдэг байна.

Өнгөрсөн онд болсон форумаас гарсан уриалгыг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн 21 дүгээр бага хуралд өргөн барьж танилцуулжээ. Энэ форум зөвхөн бүс нутгийн бус дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж, гарц шийдлийг эрэлхийлдэг томоохон уулзалт болсныг илтгэж байгааг Нийслэлийн Засаг дарга С.Батболд нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Энэ удаагийн форумаар  эрчим хүчний хэмнэлтийн ногоон шийдлүүдийг хөндөн ярилцаж, бүс нутгийн хотуудын хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлэхүйц хэлэлцүүлэг өрнүүлж, уриалга гаргана гэдэгт итгэлтэй байна. Хот болгонд өөрийн онцлогоос хамаарсан олон асуудал бий. Гэхдээ эрчим хүчний үйлдвэрлэл, хэмнэлт, хангамж бол бидний өмнө тулгамдсан нийтлэг асуудал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэж чадсанаар НҮБ-аас дэвшүүлсэн “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг хангахад чухал ач холбогдолтой. Тиймээс бүс нутгийн хотууд энэхүү хамтын ажиллагаагаа өргөжүүлж, яриа хэлэлцүүлгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан уриалгыг боловсруулж хэрэгжүүлснээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгөө хэмнэх боломж бүрдэнэ” хэмээв.

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор “Ногоон хөгжлийн бодлого”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бичиг баримтыг баталсан. Үүнд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20 хувьд хүргэх, барилгын дулаан алдагдлыг 20 хувиар, хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилт тавьсан байна. Энэ нь НҮБ-ын “Тогтортой хөгжлийн зорилт”-ыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлнэ хэмээн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ.

Тэрбээр, “Дэлхийн нийт хүн амын 50 гаруй хувь нь хот суурин газарт амьдарч байгаа. 2015 оны байдлаар дэлхий дээр 10 саяас дээш хүн амтай 29 хот байгаагийн 80 хувь нь Ази, Латин америк, Африкт байна. Дэлхийн хуурай газрын 3 хувийг эзэлдэг эдгээр хотууд нийт эрчим хүчний 70 гаруй хувийг хэрэглэж, нүүрс хүчлийн хийн 80 орчим хувийг ялгаруулдаг. Энэ нь байгаль орчинд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, хотуудын хурдацтай хөгжлийг даган байгалийн гамшиг нэмэгдэж, хог хаягдал, орчны бохирдол, ус хангамжийн болон нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж зэрэг олон асуудал тулгамдаж байна. Тиймээс бидэнд хүрээлэн байгаа орчноо хамгаалах, газар зохион байгуулалт, дэд бүтэц, барилга байгууламжаа зөв төлөвлөх шаардлага урган гарч байгаа юм. Хотын удирдлагууд иргэдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг бий болгож, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах ухаалаг хот, ногоон нийгэм бий болгох үүрэг хүлээж байна. Та бүхнийг энэхүү үүргээ амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Форумын хүрээнд өнөөдөр “COP 21”, “Тогтвортой хөгжлийн зорилт”-д нийцүүлсэн  хотуудын бодлого, Цахилгаан, дулаан болон хийн хангамж, шийдэл гэсэн хоёр салбар хуралдаан болно.

Эхний салбар  хуралдаанаар хотуудын удирдлагууд “COP 21”, “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулж, туршлага солилцоно.

Харин хоёр дахь хуралдаанаар эрчим хүчний салбарт нэвтэрч буй шинэлэг санал, санаачилга, хүлэмжийн хийн ялгарлыг  бууруулах зорилтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Маргаашийн хуралдаанаар Эрчим хүчний хэмнэлт, хэрэгжүүлэх арга зам, урамшууллын тогтолцоо, Бүс нутгийн сэргээгдэх цэвэр эрчим хүчний технологи болон Эко тээвэр болон агаарын бохирдлыг бууруулах нь: Хотуудын санаачлага, туршлага сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ