Дэд хороодын дарга нарыг сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 18:03:19

УИХ-ын зургаан байнгын хороо өнөөдөр хуралдаж Дэд хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Батболдыг сонгов.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарыг сонгов. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Содбилэг нарыг тус тус сонголоо.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Чинзоригийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар Б.Батзоригийг сонгохыг дэмжсэн юм.

Түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрхийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг сонгов.

Төсвийн байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байгаа бөгөөд УИХ-ын 2017 оны төсвийн төслийн тухай, УИХ-ын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ