Цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-03 15:38:58

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт (БСШУС)-ын сайд Ж. Батсуурь болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хамтарсан зарлиг гаргаж, 2016-2017 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд цэцэрлэгүүдийн хүчин чадлыг нэмэхийг харъяа агентлагууддаа үүрэг болгожээ.

Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Тиймээс  одоо шинээр барьж буй  3990 хүүхэд хүлээн авах бүхий хүчин чадалтай  31 цэцэрлэгийн барилгын ажлыг  ирэх сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахыг салбарын яам болон нийслэлийн холбогдох газар, хэлтсийнхэн шуурхай удирдлагаар ханган ажиллахыг үүрэг болгосон байна.  Мөн шинээр ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт  цэцэрлэгийн нэг бүлэг нэмж,  одоо  байгаа хүчин чадлыг  400 хүүхдээр өсгөх төсөв, тооцоог гаргахыг албан даалгаварт  тусгасан байна.

Мөн шинээр  сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан  2225  хүүхдийн хүчин чадал бүхий  хувийн өмчийн  44 цэцэрлэгт мэргэжлийн арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг нь хичээлийн шинэ жил эхлэх өдрөөс хэрэгжүүлэхийг Нийслэлийн Боловсролын газарт даалгажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ