УИХ-ын Анхдугаар чуулганыг хаалаа
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийж, хаалаа.
Анхдугаар чуулганыг хааж буйтай холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр “УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулган товлосон хугацаанд гүйцэтгэх ажлаа амжилттай дуусган, өндөрлөж байна. Анхдугаар чуулганаар УИХ-ын дарга, дэд дарга сонгогдож, байнгын хороодыг байгуулан удирдлагыг сонголоо. Түүнчлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томиллоо.
2000 оноос хойшхи таван удаагийн УИХ-ын сонгуулийн дараах Анхдугаар чуулгануудаас хамгийн богино хугацаанд хуралдаж, шинэ Засгийн газрыг ажиллах боломжоор нь хангасан байна.
Монгол Улсын Засгийн газраас ард түмэн ихээхэн зүйлийг хүсэн хүлээж байна. Засгийн газар шуурхай ажиллаж, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай. Өмнөх Засгийн газрын төрийн хуулийг үл хайхран зөрчдөг алдааг давтах ёсгүй гэдгийг анхааруулж байна.
Анхдугаар чуулганы хуралдааны үеэр ОХУ-ын эзэмшиж байсан “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хувийн компанид шилжүүлсэн асуудлыг олон гишүүд асууж, иргэдээс гомдол шаардлага ихээхэн ирүүлж байгаа тул энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулан, нарийвчлан судалж, УИХ-д яаралтай танилцуулахыг Засгийн газарт үүрэг болгож байна.
УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулган өндөрлөснийг мэдэгдэж байна” гэлээ.
Үүгээр УИХ-ын Анхдугаар чуулганыг хаасны дараа УИХ-ын байнгын хороод хуралдаж дэд хороодын дарга нарыг томилох, Төсвийн байнгын хороо УИХ-ын 2017 оны төсвийн төслийн тухай асуудлыг хэлэлцэх боллоо. Төсвийн байнгын хорооноос өмнө УИХ дахь даргын дэргэдэх зөвлөл хуралдаж УИХ-ын 2017 оны төсвийн төслийн тухай асуудлаар санал дүгнэлтээ боловсруулах юм байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ

