Эрдэнэбулган сумын хэмжээнд 5285 ширхэг мод тарьжээ

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-05-11 16:03:31
Архангай /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд, бүх нийтээр мод тарих ажлыг Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжаар өнгөрөгч 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа. Уг захирамжийг сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 140 байгуулагад хүргүүлсэн. Үүнээс 4 байгууллага мод тарилтын хугацааг хойшлуулсан бол хувийн хэвшлийн 22 байгууллага огт мод тариагүй байна.
Өнгөрсөн амралтын өдөр 114 ААНБ нийт 5285 мод тарьжээ. Задалбал, 89 ААНБ өөрийн байгууллагын талбай болон Хас банкны арын сааданд нийт 4892 мод тарьсан байна. Харин 25 байгууллага Булган уулын урд талын ногоон байгууламжид 393 ширхэг мод тарьжээ.
Цаашид тарьсан модныхоо амьдралтад анхаарч, усалж, арчилж, цэнэг усалгааг тогтмол хийж байхыг ААНБ-ын дарга, удирдлагуудад захирамжаар үүрэг болгосон. Мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө, зөвлөмжийг өгч байгаа аж.
Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд, бүх нийтийн мод тарих өдрийг угтан өнгөрөгч амралтын өдөр буюу 5 дугаар сарын 7-ны өдөр аймгийн төвийн Эрдэнэбулган сум болон Хотонт, Эрдэнэмандал гэсэн гурван сум тус бүр сумынхаа хэмжээнд мод тарих ажлыг зохион байгуулсан. Ирэх амралтын өдрүүдэд бүх нийтийн мод тарих өдөр тохиох ба үлдсэн сумын удирдлагууд сумдадаа зохион байгуулна. Үүний дараа аймгийн БОАЖГ-ын ойн ангид аймгийн хэмжээнд хэдэн мод тарьсан тухай тоон мэдээлэл нэгтгэгдэх юм байна.
Холбоотой мэдээ