Обама: Трамп Ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-03 09:52:07

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг Ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн гэж мэдэгдээд, тус намынхан яагаад түүнийг дэмжээд байгааг асуужээ.

Иракт амиа алдсан америк цэргийн эцэг эхийг /лалын шашинтай/ үл тоосон мэдэгдэл Дональд Трамп хийсэнтэй холбогдуулан Обама мэдэгдэл хийсэн байна.

АНУ-ын нэрийн өмнөөс амь биеэ золиосолсон гэр бүл рүү Трамп дайрч давшилсан тухай Обама дурдаад, Ази болон бусад газруудад нөхцөл байдал ямар байгаа талаар Трампт ямар ч суурь мэдлэг алга гэж мэдэгдсэн байна.

Мөн тэрбээр, Бүгд найрамдах намын нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгч болох бэлтгэлгүй байна гэж мэдэгдээд, Төлөөлөгчдийн танхим болон Бүгд найрамдах намын удирдлагуудад хандан, түүнийг яагаад дэмжээд байгаагаа өөрсдөөсөө асуухыг хүсчээ.

Харин Трамп Обамагийн мэдэгдэлд тэр даруй хариу барьж, Ерөнхийлөгчийн суудалд тохирохгүй гэдгээ аль хэдийн нотлон харуулсан хүн бол Хиллари Клинтон гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ