Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчилсөн нь туслах малчны цалинд нөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-05 14:14:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монгол Улсын хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулиар хөдөлмөрлөх эрхийн болон хөдөлмөрийн харилцааг зааглаж өгсөн нь ач холбогдолтой. Энэ нь хувиараа хөдөлмөр эрхэлж буй малчин, туслах, гэрээт малчин зэрэг хөдөлмөрийн статусыг бий болгож төлөвшүүлж байгаа”-г МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар малчин-ажил олгогчийг чадавхжуулах төслийн хүрээнд боловсруулсан баримт бичгийг хэлэлцүүлэх уулзалтын үеэр онцлов.


Европын холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тусламжтайгаар хөдөлмөрийн болон хөдөлмөрлөх эрхийн харилцааг иж бүрэн тогтолцоо бий болоход түлхэц өгчээ. Тодруулбал, ХНХЯ, НДЕГ, Насан туршийн боловсролын төв, МҮЭХ, МАОЭНХ, Монголын хөдөө, аж ахуйн хоршоологчдын холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны төлөөлөл Завхан, Дорноговь, Архангай, Өвөрхангай аймагт малчин-ажил олгогч нарын уулзалт зохион байгуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдахын ач тус, бэлчээр ашиглалтыг зохицуулах, ашиглах, малчдын хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийн талаар сургалт уулзалт зохион байгуулсан юм. Үүний дүнд зарим суманд малчдын эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдалт нэмэгдэж, мэдээлэлтэй болсноор нөхөн төлбөр авах зэргээр үр ашгийг нь хүртсэн бол зарим суманд МҮЭ-ийн хороо байгуулах хэмжээнд үйл ажиллагаа нь идэвхжжээ.



МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар энэ үеэр, “Малчин хүн ажил олгогч болсноор ямар мэдээлэлтэй байх, ажилтны нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ойлголтоо хэрхэн сайжруулах, орлогоо яаж нэмэх, илүү өгөөжтэй ажиллах зэрэг малчдын төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр ойлголтыг бүх малчинд төлөвшүүлэхийг зорьж байгаа”-гаа ч хэлсэн юм.


Түүнчлэн, хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байсныг 550 мянга болгосон нь туслах малчинд шууд нөлөөлөх шийдвэр болсныг МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал тодотголоо. Учир нь туслах малчин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалин хөлс авах ёстой аж.


НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд “Блью скай” зочид буудалд зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөрйин тухай хуулийн шинэчилсэн найруулгаар малчдыг ажил олгогч болсонтой холбогдуулан малчин-ажил олгогчийг чадавхжуулах чиглэлээр болосвруулсан бичиг баримтуудыг хэлэлцүүлж, оролцогчдын санал авчээ. 

 

Холбоотой мэдээ