Сорьцын хяналтыг цахимжуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанканд алт, үнэт металл худалдахад Стандарт хэмжил зүйн газраас сорьцын баталгааг цахимаар авч, тоон гарын үсгээр баталгаажуулах боломжтой боллоо.
Учир нь Монголбанк,
Стандарт хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулсан юм. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд
алт, үнэт металлаа Монголбанканд тушаахтай холбоотой үйл ажиллагааг хялбаршуулж,
цаг хугацаа хэмнэж, зардлыг багасгах ач холбогдолтой.
Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг нэмэхээр дотоодын зах зээлээс үнэт металлыг
Стандарт, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын газрын шинжилгээний дүнд үндэслэн
худалдаж авдаг юм. Сүүлийн 5 жилд
гэхэд 100 орчим тонн үнэт металл
худалдан авч гадаад валютын албан нөөцийг 3.8 орчим тэрбум ам.доллароор нэмээд байгаа аж.