Афганистанд энгийн иргэдийг онилсон халдлага гарч байгааг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-05-04 09:39:59

НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистанд энгийн иргэдийг онилсон террорист халдлага гарч байгааг мягмар гарагт эрс зэмлэн буруушаажээ.


Тус зөвлөл Кундуз хотын “Мавлави Секандер” сүмд дөрөвдүгээр сарын 22-нд 25 хүн амиа алдсан, Кабул хотын “Халифа Сахиб” сүмд дөрөвдүгээр сарын 29-нд 30 хүн амиа алдаж, олон хүн шархадсан зэрэг террорист халдлагуудыг зэмлэн буруушааж буйгаа мэдэгдсэн байна. Эдгээр халдлага нь Рамадан сарын үеэр Афганистан даяар энгийн иргэд, иргэний дэд бүтцийн байгууламж, тэр дундаа шашны цөөнхүүдийн эсрэг хэд хэдэн халдлага гарсны дараа болжээ.


“Бүх хэлбэрийн терроризм нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн ноцтой аюулын нэг гэдгийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд дахин нотолсон” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна. Мөн терроризмын шинжтэй аливаа үйлдэл нь ямар ч сэдлээр, хаана, хэзээ, хэн үйлдсэнээс үл хамааран гэмт хэргийн шинжтэй бөгөөд зөвтгөшгүй гэдгийг цохон тэмдэглэжээ.


Иймд бүх улс орон терроризмоос үүдэн олон улсын энх тайван, аюулгүй байдалд заналхийлж буй аюул заналын эсрэг НҮБ-ын дүрэм болон олон улсын хүний эрхийн хууль, дүрвэгсдийн асуудлаарх олон улсын эрх зүй, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй зэрэг олон улсын эрх зүйн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу бүх арга замаар тэмцэх шаардлагатай гэдгийг дахин нотолсон байна.  

Холбоотой мэдээ